Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, Нийгмийн хамгаалал-2022 чуулга уулзалт боллоо
2022.03.04

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, Нийгмийн хамгаалал-2022 чуулга уулзалт боллоо

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн хүрээний суурь эрх, зарчмын хэрэгжилт, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэн цаашид хийх ажлын чиглэлийг тодорхойлох, УИХ, Засгийн газарт уриалга, шаардлага хүргүүлэх зорилгоор өнөөдөр /2022.03.04/ чууллаа.

Чуулга уулзалтад МҮЭ-ийн холбоо, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоо, анхан шатны ҮЭ-ийн хороодын эмэгтэйчүүдийн хороо, хэсгийн дарга, ҮЭ-ийн гишүүдийн төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцлоо.

Нээлтэд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, УИХ-ын НББХ-ны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Жендэрийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Д.Энхжаргал, ОУХБ-ын үндэсний хөтөлбөрийн зохицуулагч П.Болормаа, ҮЭ-ийн ахмад зүтгэлтэн Н.Гэрэлсүрэн нар оролцож чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“Эмэгтэйчүүдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа, цаашдын зорилт” сэдвээр МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалаг өнгөрсөн жилүүдэд эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалд хийсэн ажлуудаа илтгэв.

МҮЭ-ийн Эмэгтэйчүүдийн хорооноос Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, нийгмийн асуудлыг амжилттай тусган ажиллажээ. Мөн ОУХБ-ын Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцид нэгдэн орох чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж.

Хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн өнөөгийн байдлын талаар ХЭҮК-оос хийсэн судалгааны дүн, цаашид авах арга хэмжээний талаар ХЭҮК-ын Ахлах реферэнт З.Өнөржаргал танилцуулж, Зочин илтгэгчээр Сэтгэл судлалын ухааны доктор, сэтгэл зүйч Г.Наранбаатар нар илтгэл тавилаа.

Чуулганы төлөөлөгчид Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд, Эмэгтэйчүүдийн суурь эрхийн хэрэгжилт/Ажлын байрны дарамт, хүчирхийллийн асуудал/, Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөгжлийн асуудал гэсэн гурван салбар хуралдаанд хуваарилагдаж ажиллав.