Улсын бүртгэлийн 22 төрлийн лавлагаа, 50 төрлийн үйлчилгээг “е-Mongolia”-д нэвтрүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Улсын бүртгэлийн цахим үйлчилгээг өргөжүүлнэ” гэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан өнөөдөр мэдээлэл өглөө.
Дэлхий банкны Ухаалаг засаг төслийн дэмжлэгтэйгээр Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia.mn” сайтаар дамжуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас 22 төрлийн лавлагаа, 50 төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
Хэвлэлийн хурлын үеэр “e-Mongolia” порталд хоёрдугаар сард шинээр 13 үйлчилгээ нэвтрүүлсэн талаар танилцууллаа. Шинээр нэмэгдсэн үйлчилгээг дараах мэдээллээс авна уу?
Иргэний улсын бүртгэл
Үйлчилгээний төрөл : Нөхөн бүртгэл
Үйлчилгээг хэрэгжүүлэх горим: 100 хувь цахим
- Төрсний
- Гэрлэсний
- Гэрлэлт сэргээсний
- Гэрлэлт дуусгавар болсны
- Эцэг/ эх/ тогтоосны
- Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний
- Нас барсны
- Үрчилсний
- Шилжилт хөдөлгөөний
Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Үйлчилгээний төрөл : Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх
- Эцсийн өмчлөгч өөрчлөгдөх :Үйлчилгээг хэрэгжүүлэх горим : /2 талдаа шуудан хүргэлттэй/
Үйлчилгээний төрөл : Татан буулгасныг бүртгэх
- Татан буулгах тухай мэдэгдэх : Үйлчилгээг хэрэгжүүлэх горим: /1 талдаа шуудан хүргэлттэй/
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл
Үйлчилгээний төрөл : Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
- Төрөөс худалдаж авсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх
Үйлчилгээг хэрэгжүүлэх горим: / 2 талдаа шуудан хүргэлттэй/
- Бэлэглэх
Үйлчилгээг хэрэгжүүлэх горим: / 2 талдаа шуудан хүргэлтттэй/
Д.Дэлгэрсайхан
Д.Дэлгэрсайхан “Иргэний улсын бүртгэлийн 26 төрлийн үйлчилгээ, 12 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 13 төрлийн үйлчилгээ, 7 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 9 төрлийн үйлчилгээ, 3 төрлийн лавлагааг тус тус цахимаар үзүүлж байна. Эдгээрээс 27 үйлчилгээ нь шуудан хүргэлтээр хийгдэж байгаа” гэв.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар e-mongolia-гаар дамжуулан иргэний улсын бүртгэлийн 31'325, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 20'124, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 14 үйлчилгээ, архивын 2'098'557 лавлагаа, нийт 2'150'020 лавлагаа, үйлчилгээг тус тус иргэн, хуулийн этгээдэд үзүүлээд байгааг хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.
Улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг цахимд нэвтрүүлснээр иргэдийн хувьд нийт 30.0 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдсэн байна.
Улсын бүртгэлийн байгууллага Засгийн газрын 2020 оны “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 230 дугаар тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн ба тус тогтоолоор лавлагааг үнэ төлбөргүй олгохоор тусгасан. Үүнтэй холбоотойгоор лавлагааг цахимаар, үнэ төлбөргүй авах болсон нь иргэн, хуулийн этгээдээс гарах зардал хэмнэгдэх боломж бүрдсэн.
Ташрамд дурдахад, e-mongolia дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдуулан шаардлагатай цаасан нотлох баримт бичгийг шуудангаар хүлээн авч, бүртгэгдсэн бичиг баримтыг буцаан хүргүүлэх зорилгоор нэг талт болон хоёр талт шуудангийн үйлчилгээг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Монгол шуудан ХК-тай хамтран нэвтрүүлсэн байна. Шуудан хүргэлтээр нийт 90 иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлээд байна. Үүнээс иргэний улсын бүртгэлийн 86, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 3 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1/ байгаа юм.
Цаашид цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, шинээр 50 төрлийн үйлчилгээ болон 38 шуудан хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.