Б.Жаргалмаа: Ахмадуудад үзүүлж байгаа үйлчилгээ хүртээмжгүй байна
2022.03.16

Б.Жаргалмаа: Ахмадуудад үзүүлж байгаа үйлчилгээ хүртээмжгүй байна

Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд "Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж, шийдэл" хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, Ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийнхэн зохион байгуулсан билээ. 

Уг арга хэмжээнд Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, ажлын алба, ХНХЯ, ЭМЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Ахмад настнуудын асрамжийн газрын төлөөлөл, Нийслэлийн нийгмийн халамжийн газар зэрэг байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд чухал сэдвийн хүрээнд ирсэн зочид илтгэл танилцуулсан юм. 

Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа нар үг хэллээ. 

 Б.Жаргалмаа: Миний бие Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, Ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Энэ хүрээнд 2022 оны Намрын болон чуулганы завсарлагааны хугацаанд Нийслэл, хөдөө орон нутгийн ахмадын асрамжийн газар, ахмадын төлөөлөлтэй уулзаж тулгамдаж буй асуудал, санал, шийдлийн талаар ярилцсан билээ. Ахмад настны тухай хуулиар Төрөөс ахмадууддаа 9 төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа хэдий ч газар дээрээ хэрэгжилт дутмаг, хүртээмжгүй байгаа юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настанд үзүүлж буй үйлчилгээ, хэрэгжилт, цаашдын зорилтын талаар, гэрээгээр ахмад настанд зөвлөх болон өдрийн үйлчилгээ үзүүлдэг Төрийн бус байгууллагын төлөөллийн илтгэл, мэдээллийг сонсож, шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцах болно” гэлээ.

Ажлын хэсэг ахмад настнуудын төлөөлөлтэй уулзаж, ахмадын асрамжийн газруудад ажиллахад хэд хэдэн асуудлууд тулгарч байсныг Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа дурдсан юм. Үүнд: 

  • Ахмад настнуудын идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж хангалтгүй байгааг анхаарч нэг стандартын дагуу Ахмадын өргөө, төвүүдийг байгуулах; 
  • Тэтгэврийн зөрүүг арилгах, үнийн өсөлт, инфляцтай уялдуулан шат дараатай нэмэгдүүлэх; 
  • Ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сувилалын хүртээмжийг нэмэгдүүлэх; 
  •  Ахмад настны тухай хуульд заасан ахмадын хороо, түүний салбар байгууллагын үйл ажиллагааны санхүүжилтыг нэмэгдүүлэх;
  •  Хуульд заасны дагуу албан байгууллагын дэргэдэх “Ахмадын сан”-г байгуулах, үйл ажиллагааг нь дэмжих;
  •  Ахмадуудад үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог хангах; 
  • Үйлчилгээ үзүүлж буй магадлан итгэмжлэгдсэн Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжүүлэх;
  •  Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмадуудын туршлага, мэдлэг чадварыг өвлүүлэх; 
  • Төрөлжсөн ахмадын асрамжийн газрыг байгуулах, ахмадуудын асрамжийн газрын дэргэд туслах аж ахуйг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх эрх олгох; 
  • Онцгой нөхцөлөөр буюу 55, 60 нас хүрээгүй эрт тэтгэвэрт гарсан ахмадуудын нийгмийн хамгааллын асуудал орхигдсон байгааг анхаарах, эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг болно.

Үүний дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТНБД Г.Өнөрбаяр “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний хэрэгжилт, цаашдын зорилт” сэдвээр, Дэвжих сайхан НҮТББ, Ч.Энхсайхан “Ахмад настанд үзүүлж буй үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал” асуудлаар, Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн “Ахмадуудад тулгамдаж буй асуудлууд”-ын хүрээнд илтгэл танилцуулж, санал сонслоо. 

 

П.Бямбацэрэн: Ахмад настны тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан хэлэлцүүлэг зохион байгуулж буй УИХ, НББХны удирдлага, УИХ-ын эрхэм гишүүдэд юуны өмнө талархал илэрхийлье. Монголын ахмад настнуудын өнөөгийн байдал, бүхэлдээ ядуу, нэн ядуучуудын армийг бүрдүүлдэг, эрүүл мэнд, амьжиргаа нь доройтсон, ялгаварлан гадуурхалтанд өртдөг, гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон, өмч хөрөнгө, тэтгэвэр орлогоо өөртөө зориулах эрхгүй, сэтгэл санаа, эдийн засгийн байнгын дарамттай ийм л хэсэг бүлэг болж хувирсан. Энэхүү нөхцөл байдал нь өдрөөс өдөрт улам бүр муудах талруу эрчимтэй гулсаж байдаг нь нууц биш болоод байна" хэмээв.