Газар чөлөөлөлт эхлэхээс өмнө иргэдийн саналыг хүлээн авч, хамтран ажиллаж байна
2022.03.15

Газар чөлөөлөлт эхлэхээс өмнө иргэдийн саналыг хүлээн авч, хамтран ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргийн 15,16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 443 ширхэг гараж, контейнерыг чөлөөлөх ажил өнөөдрөөс /2022.03.15/ эхэллээ.

Тус талбайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагаан, тус хороодын Засаг дарга нар болон холбогдох албаныхантай НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хамтран ажиллав.

Энэ үеэр гараж, контейнер эзэмшигчид болон оршин суугчидтай уулзаж, газар чөлөөлөх явц, талбайн дараагийн тохижилтын талаар мэдээлэл солилцлоо. Тус талбайн чөлөөлөлтийг эхлэхээс өмнө дүүргийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулагдан иргэдтэй уулзалж санал, хүсэлтийг хүлээн авч, зураг төслийн гүйцэтгэлд тусгах ажлыг зохион байгуулсан.

Энэ хүрээнд иргэдээс ирсэн саналд үндэслэн ногоон байгууламж, авто зогсоолыг хослуулсан бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр болсон байна. Тиймээс энэ удаагийн газар чөлөөлөлтийн ажлыг гараж, контейнер эзэмшигчид дэмжин, өөрсдийн санаачлагаар гаражаа чөлөөлж хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад иргэдтэй харилцан ойлголцолд хүрч чадсан бөгөөд өөрсдийн санаачлагаар эзэмшил объектоо чөлөөлж нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажиллаж буйд талархаж буйгаа холбогдох албаныхан илэрхийллээ.

Дүүргийн 1-р хороолол орчмын 60 байршилд нийт 1559 ширхэг тоосгон болон бетон гараж, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлнэ гэнэ.