2022.03.22

“Босоо Заяатай Монгол” хүүхдийн үндэсний бөхийн барилдаан боллоо

Төрийн наадмын торгон дэвжээнээ нутгаа дуурсгах хүчит бөхчүүдийнхээ ирээдүй залгамж халааг бэлтгэх зорилгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Босоо Заяатай Монгол” хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг санаачлан 10 дахь жилдээ зохион байгууллаа.  

Жил бүрийн “Цэргийн баяр”-аар 17 сумын 30 гаруй цэцэрлэгийн 160 орчим бяцхан бөхчүүд уран мэхээ уралдуулж, хүчээ үзэн барилддаг. С.Бямбацогт гишүүн өнгөрсөн 10 жилийн барилдаануудад түрүү бөхөөр шалгарч Хангарьд цол хүртэж байсан хүүхдүүдтэй уулзаж, гарын бэлгээ гардууллаа. Анхны барилдаануудын түрүү бөхчүүд ханагар том залуус болж, бөхийн бүхий л төрөлд аймаг бүсийн олон тэмцээнд амжилт гаргаж байгаа гэнэ. Тэрээр удахгүй улс, аймгийн цолтнууд, аваргууд болохыг дүү нартаа хүсэн ерөөж, зорилгодоо хүрэхэд нь үргэлж дэмжинэ гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт жил бүрийн түрүү бөхөөр шалгарсан хүүхдүүдэд болон “Босоо Заяатай Монгол” үндэсний бөхийн барилдаанд оролцсон нийт хүүхэд багачууддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.