Б.Энхбаяр: Хэнд авлига өгч, зээл авснаа ил хэлсэн захирлыг нэг удаа өршөөе
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны нээлттэй, ерөнхий сонсголд оролцон үг хэлэв. Тэрээр
-Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан Д.Эрдэнэбилэг, нэр нь чанаргүй зээлтэй холбогдсон Х.Баттулгыг энэ сонсголд дуудаж оруулах хэрэгтэй.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж одоо АСЕМ Виллад амьдардаг. Энэ амины байшин дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй. АСЕМ-ийн хурлын үеэр 270 тэрбум төгрөг идсэн гэж Ш.Адьшаа гишүүн сая ярилаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа шалгуулаагүй. Одоо Х.Баттулга, Ц.Элбэгдорж үзэлцэж байгаа ч нэгдэж болзошгүй. Тэднийг зовлон нэгтгэдэг. Х.Баттулга явсан учраас бид өнөөдөр энд яриад сууж байна. Хөгжлийн банкны хулгайд Х.Баттулга оролцсон, "Шинэ Яармаг", төмөр замаар дамжуулан оролцсон. 2016 оны Хөгжлийн банканд хийсэн шалгалтыг нуусан. ААН-үүд одоо хэнд авлига өгч, зээл авснаа ил тод зарлачих. "Эрэл"-ийн Д.Эрдэнэбат та хэнд авлига өгснөө ил хэлчих, тэгвэл УИХ нэг удаагийн хууль гарган, цаад эзнийг ил хэлсэн бол мэдээлэл хуваалцсан хүнийг нэг удаа өршөөнө. УИХ ийм санаачилга гаргах боломжтой.
Манай улсын хамгийн баян 100 гэр бүл Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон. УИХ-ын гишүүд түүхэн хариуцлага хүлээх цаг ирлээ. Авлигын хэргийн эсрэг хүний, өөрийн гэлгүй хандах ёстой. Эс бөгөөс Монгол залуус эх орноосоо явсаар байна. Бид арга хэмжээ авахгүй бол Монголчууд бослого хөдөлгөөн өрнүүлнэ. Улмаар нэг хүний засаглал тогтож болзошгүй. Ардчилал Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэдэгт би бүрэн итгэдэг. Парламент л энэ бүхнийг ил тод, нээлттэй хэлэлцэх үүрэгтэй. Удахгүй олон хэрэг илэрнэ. Бид ирээдүй хойчоо бодож тэмцэх ёстой. Хуулийн байгууллагынханд илүү их ачаа ирнэ. Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаяр гэж залууг Монгол Улсаас гаргасан гэх мэдээлэл авсан. Хэнийг хориод, хэнийг гаргаад байна вэ?
Ерөнхий сайд асан нэг хүн одоо ч хаана байгаа нь тодорхойгүй байна. Тэр хүн эх орондоо ирэх хэрэгтэй гэв.