Цэцэрлэгийн хүртээмж, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэв
2022.04.05

Цэцэрлэгийн хүртээмж, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэв

“Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж-өнөөгийн байдал асуудал шийдэл” хэлэлцүүлэг өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яаманд боллоо.

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа, дүүргүүдийн боловсролын хэлтсийн ажилтнууд болон Хувийн цэцэрлэгүүдийн холбоо ТББ, хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадаагүй эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, сургуулийн өмнөх боловсролын тогтолцооны алдаа оноог тал бүрээс нь хэлэлцсэн.

Сургуулийн өмнөх боловсролын тулгамдсан асуудлын дийлэнх нь Улаанбаатар хотод хамааралтай байгаа нь хүн амын тал хувь нь нийслэлд оршин суудагтай холбоотой гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан онцолсон. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдгөө 170 орчим цэцэрлэг ашиглалтад орж байгаа. Эдгээр цэцэрлэг ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүртээмж сайжирна гэсэн үг биш, учир нь жил тутамд 40 мянга гаруй иргэн нийслэлд шилжин ирж буйг хэлэлцүүлгийн үеэр тодотгосон. Цаашид төрийн бус өмчийн цэцэрлэгийг дэмжих бодлого баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах аж.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-2022 оныг Улаанбаатар хотыг “Иргэн төвтэй хот” болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд саяхан нийгмийн чиглэлийн стандартуудыг боловсруулан НИТХ-аар батлуулаад байна. Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 671 цэцэрлэгт 104.701 хүүхэд хамрагдаж, 77.471 багш хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. 2016-2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжаар 117 цэцэрлэг, 92 сургууль, 21 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон.

Ингэснээр 15.805 хүүхдийг цэцэрлэгт хамрах боломжоор хангасан. Энэ жил нийслэлийн төсвөөр зургаан сургууль, есөн цэцэрлэг, есөн цогцолбор барьж байгуулна. Бидэнд тулгамдаж буй олон асуудал бий. Гэсэн хэдий ч нийгмийн дэд бүтээн байгуулалтад оролцож буй компани, аж ахуйн нэгжүүдийг онцгойлон анхаарч дэмжинэ” гэлээ. Түүнчлэн шинэ Улаанбаатар хотын стратеги төлөвлөгөөнд боловсролын салбарыг чухалчилж, багш, ажилтнуудын нөхцөл, цалин урамшууллын шинэчилсэн тогтолцоо, нийгмийн баталгааг онцгойлон анхаарахаар тусгасныг ч Нийслэлийн Засаг даргын орлогч хэлж байлаа.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 78 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Нэг ангид дунджаар 28-30 хүүхэд хүмүүжиж байгаа. Нийслэлийн хэмжээнд хоёр настай 35.192 хүүхэд байгаагийн 50.7 хувь нь, гурван настай 35.832 хүүхдийн 66.5 хувь, дөрвөн настай 44.763 хүүхдээс 85.3 хувь, таван настай хүүхдүүдийн 88.2 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. 4-5 настай хүүхдүүд бол сургуульд орох бэлтгэл үе тул тэднийг илүүтэй хамруулах бодлого барьж байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо бий. Тэдгээрээс энэ онд зургаан хорооны цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн. Сүүлийн жилүүдэд байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулах нь нэмэгдсэн. Одоогийн байдлаар 21 байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй” гэсэн юм.

Нийслэл Улаанбаатар хотод түр оршин сууж буй гэр бүлийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахгүй үлдэх нь бий. Цэцэрлэгт хүмүүжиж байгаа нийт хүүхдүүдийн 3.2 хувийг түр оршин суугч эзэлж байна. Мөн тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд болон түрээсийн байранд ажиллаж буй цэцэрлэгийн асуудлыг нягтлан цэгцлэхийн чухлыг тодотгосон.

Улаанбаатар хотод нийт 276 цэцэрлэг байгаагаас 57 цэцэрлэг нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ бүрэн хамруулж чадахааргүй, ачаалал өндөртэй ажилладаг гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гэхэд төрийн өмчийн 52 цэцэрлэг байгаагаас 19 нь ачаалал өндөртэй ажилладаг аж. Хан-Уул дүүргийн 10, Сонгинохайрхан дүүргийн есөн цэцэрлэгийн хүчин чадал хамран сургах тойргийн хүүхдийн тоонд хүрэхээргүй ачаалалтай ажиллаж буй юм. Тиймээс эдгээр 57 цэцэрлэгт голчлон анхаарч ажиллаж эхэлжээ. Цэцэрлэгийн өргөтгөл барих, ойролцоох ачаалал багатай цэцэрлэг рүү хүүхдүүдийг шилжүүлэх зэрэг зохицуулалтыг хийж байгаа ч цаашдаа хамран сургах тойргийг шинэчлэн, оновчтой байдлаар тогтоох, цэцэрлэгүүдийг нэмж барих зэрэг дорвитой ажлуудыг өрнүүлэхээр зорьж буй юм.

Хэлэлцүүлэгт оролцсон эцэг эхчүүдийн зүгээс хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүйгээс ажил, орлогогүй гэртээ сууж буй эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх, Боловсролын сайдын тушаалаар баталсан цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг эргэн харах, хүүхдийн бодит хэрэглээнээс хэтийдсэн стандарт тогтоож байгааг болиулах, хүүхдийн хүнс, хоол, ариун цэврийн хэрэглэлийн чанарт анхаарах зэрэг саналыг хэлж байлаа.