Өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан УИХ, Засгийн газарт "Мэдэгдэл" хүргүүллээ
2022.04.06

Өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан УИХ, Засгийн газарт "Мэдэгдэл" хүргүүллээ

МҮЭ-ийн холбооноос Өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.04.05/ зохион байгуулж, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ. Уг хэвлэлийн бага хурлаар МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газарт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар эхний ээлжинд оруулж ирэх, холбогдох газрууд хяналт шалгалт хийх, долларын ханштай холбоотой арга хэмжээ авах, энэ хүрээнд нийгмийн зөвшилцлийн хүрээнд хамтран ажиллахыг хүсэж,

  1. Суурь стратегийн бүтээгдэхүүн болох бензин шатахууны үнийг тодорхой хэмжээгээр зохицуулан үнийг барих
  2.  Валютын ханшийг тогтворжуулах, бууруулах
  3. Хил гаалиар хомсдолтой байгаа нэн шаардлагатай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эхний ээлжид оруулах, нөөц бүрдүүлэх, тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн (авто машин гэх мэт) оруулж ирэхийг түр хугацаагаар хойшлуулах
  4. Иргэдийн бодитой худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд цалин хөлс нэмэгдүүлэхэд байж болох бүхий л боломжийг ашиглах
  5. .Зайлшгүй шаардлагатай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний НӨАТ-ын хэмжээг бууруулах, тэглэх,
  6. Бага болон дундаж цалин орлоготой иргэдийг ХХОАТ-аас хөнгөлөх
  7. Арилжааны банкны хүүг бууруулах зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллахыг шаардлаа.
Энэ талаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭ-ийн холбооноос удаа дараа шатахууны үнэ, үнийн өсөлттэй холбоотой санал, шаардлагуудыг хүргүүлж ажилласан. Гэвч тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй цаг алдсанаас орлого доривтой нэмэгдсэнгүй. Өнөөдрийн нөхцөлд нэг талаас суурь үнэ өсөж байгаа ч, нөгөө талаас далимдуулж үнээ хөөрөгдөж байгаа байдал ажиглагдаж байна. Хэлээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ яагаад 50 хувь өсөв. Хэрэглэгчээ, ард түмнээ бодох хэрэгтэй.
 
Хамгийн түрүүн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж байна. Бид энэ үнийн өсөлтөөр цалингийнхаа 20 орчим хувийг алдлаа. Тиймээс яг энэ үед инфляцтай уялдуулж иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, ХАОАТ-ыг тодорхой хугацаанд тэглэх, арилжааны зээлийн хүүг бууруулах зэрэг арга хэмжээг шуурхай авч ажиллах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийллээ.
 
Мөн МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал “Сүүлийн хоёр жилийн хугацаанд цалин, хөлс дорвитой нэмэгдээгүй энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ ямар ч хяналтгүй нэмэгдэж, зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин буюу 25.1 хувь өссөн нь инфляцийн түвшин хоёр оронтой тоонд шилжихэд хүргэсэн байна.
 

Ам.долларын ханш сүүлийн нэг сард 11.4 хувь буюу 330 төгрөгөөр, бензин шатахууны үнэ сүүлийн нэг жилд 760-956 төгрөгөөр өссөний улмаас өрхийн амьжиргааны наад захын зардал нэмэгдэж, айл өрхийн амьдрал өдрөөс өдөрт доройтож амьдралын түвшин буурсаар байгаа учир ҮЭ-ийн гишүүд, олон нийтийн зүгээс маш их санал гомдол ирүүлж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш болон инфляцийн түвшинг бууруулахад шаардагдах бүхий л байж болох зохицуулалтыг хийх, нөгөө талаар иргэдийн бодитой худалдан авах чадварыг хамгаалж, хадгалж үлдэх шаардлагатай байна” хэмээсэн юм.

 
МҮЭ-ийн холбооноос үнийн өсөлтийн хүрээнд шат дараатай арга хэмжээг авч, шаардлагатай бол жагсаал цуглаан хийхээс өөр аргагүй болж байгааг энэхүү хэвлэлийн бага хурлаар илэрхийлэв. Мөн МҮЭ-ийн холбооноос томоохон аж ахуйн нэгж байгууллага, сүлжээ газруудад бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй байхыг уриалж, үнийн өсөлтөд хяналт шалгалт хийж, олон нийтийн хяналтыг бий болгон, цалин хөлс, ажлын байрыг хамгаалах чиглэлд тодорхой арга хэмжээг авахгүй бол хожимдож, нөхцөл байдал улам хүндрэх байдал үүсээд байгаад анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.