Монгол улс ардчилсан, шинэ үндсэн хуулиа батлаад 30 жил боллоо
Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй. Анхны Үндсэн хуулиа 1924 оны 11-р сарын 26-ны өдөр баталж байсан бол түүнээс хойш 1992 онд дөрөв дэх Үндсэн хууль буюу ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж хэрэгжүүлснээр энэ оны нэг дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхэн 30 жилийн ой тохиов.
Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны нэг дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэг дүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм. Үндсэн хуулийн эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байсан бол ардчилсан, шинэ Үндсэн хууль нь нийт хүн амыг нийгмийн анги давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримталсан ардчилсан хууль юм.
Энэхүү ардчилсан Үндсэн хуулийг Хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч Б.Чимэд голлон боловсруулсан. Тэрээр шинэ Үндсэн хууль нь тухай үеийн нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг тул хожим нийгмийн шаардлагаар нэмж засварлах зайлшгүй шаардлагатайг онцолж байжээ. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулж байв.
Үүний дараа мөн 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй байна. Харин 2019 оны зургаа дугаар сарын 06-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан. Нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлт нь засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 26 буюу Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн өдөр ёсчилсон юм.
Тухайн үед Ардын Их Хурлын даргаар ажиллаж байсан Жамбын Гомбожав хэлэхдээ Монгол Улс социалист системийн орнуудаас хамгийн түрүүнд Үндсэн хуулиа баталсан. Үүний гол хүчин зүйл нь харийн гүрний хараат байдал, нөлөөнөөс гарах гэсэн чин хүсэл байсан хэмээжээ.
Мөн ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн АИХ-ын депутатуудын хэлж буйгаар ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй байсан бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан, шинэ Үндсэн хуулийн гол зүйлийн нэг нь хүнийг хувийн өмчтэй байхыг зөвшөөрсөн явдал хэмээн онцолж байна.