Дэлхийн монгол судлалын өдөртэй болох санаачилгыг дэвшүүллээ
2022.04.13

Дэлхийн монгол судлалын өдөртэй болох санаачилгыг дэвшүүллээ

Монгол судлалын үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, 2022 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Тодруулбал гадаадын Монгол судлалын үйл ажиллагааг дэмжих, дотоодын Монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, сурталчлах чиглэлээр ирүүлсэн саналыг хэлэлцэж тодорхой ажлуудыг дэмжлээ. Түүнчлэн, Монгол судлалыг салбар дундын байдлаар хөгжүүлэх энэ хүрээнд түүх, археологи, хэл шинжлэл, утга зохиол, нийгэм, соёл урлаг зэрэг бүхий л салбарыг хамруулсан нэгдсэн ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Монгол судлалын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр энэ онд хийгдэх томоохон ажлын нэг нь Гадаадын Монгол судлалын төвүүдийг дэмжих тус ажлын хүрээнд Харвардын Их сургуульд Монгол хэл, соёлын хичээлийг зааж эхлэх болсон, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар болон Хархорин хотод зохион байгуулах тухай асуудал байлаа.

Цаашид Дэлхийн Монгол судлалын өдөртэй болох, Монгол судлалыг хөгжүүлэх бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж, энэ чиглэлээр гарсан баримт бичгийг шинээр боловсруулах, байгууллага судлаачид хүчээ нэгтгэн ажиллах хэрэгтэй байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан онцлов.