Ц.Мөнхцэцэг: Төсвийн таналт төрийн байгууллагуудын чадавхид сөргөөр нөлөөлөх вий
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МОНГОЛ ТӨР БАЙЖ БОЛОХ БҮХИЙ Л ТАНАЛТУУДАА ХИЙНЭ ГЭСЭН ҮГ-
-Сүүлийн үед жагсаал цуглаантай, УИХ, Засгийн газрын түвшинд нэлээд бужигнаантай өдрүүд өнгөрч байна. Төсвийн тодотгол хийхээр боллоо. Төсвийн тодотгол хийх нөхцөл үүссэн эсэх дээр та гишүүний байр сууриа илэрхийлэхгүй юу?
-2019, 2020 оны эдийн засаг маш хүнд байсан. 2021 онд цар тахлыг даван туулаад эдийн засаг сэргэнэ гэсэн төсөөлөлтэй байтал Орос, Украины дайнаас болоод Монгол Улсын хилийн боомт орчимд бэрхшээл гарсан. Импортын бүтээгдэхүүний үнэ асар нэмэгдсэн. Үүнтэй холбоотой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлд асар их нэмэгдсэн. Өмнө нь байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн гэж эдийн засгийн экспертүүд үзэж байна.
Тэр дундаа залуучууд жагсаал цуглаан хийлээ. Тэд өөрсдөө санаачилж, Засгийн газрыг ажлаа сайн хийх, үнийн өсөлтийн асуудлаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилгоор 15 төрлийн шаардлага Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар энэ шаардлагын хариу болгож ямар арга хэмжээ авах вэ гэдгээ намын бүлгийн хурал дээр ярилцсан. Ингээд төсвийн тодотгол хийж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг зогсоох, төсвийн таналт дахин хийх нь зүйтэй гэж үзсэн.
-Төсвийг хоёр дахь удаагаа тодотгох нь?
-Уг нь бол УИХ хоёр сарын өмнө төсвийн тодотгол хийсэн. Нэлээд олон хөрөнгө оруулалтуудыг царцаасан. Дөрвөн тэрбумаас дээш өртөгтэй хөрөнгө оруулалтуудыг царцааж, хассан. УИХ-аас томилдог бүх төрийн байгууллага, агентлагуудын, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүдийн зардал гээд нэлээд хэмжээний зардлыг танасан. Одоо дахиад таналт хийхээр боллоо.
-Засгийн газар энэ цаг үед үүсээд байгаа хямрал, үнийн өсөлтийн эсрэг гаргаж байгаа шийдвэр нь оновчтой, хурдан шуурхай байгаа гэж та дүгнэж байгаа юу?
-Аливаа Засгийн газар төрийн бодлогоо иргэдийнхээ байр суурийг тандаж гаргах нь зүйтэй. Тодорхой бодлого шийдвэрийг хүмүүс хэр хүлээж авч байгааг харах ёстой. Мэдрэмжтэй ажиллах ёстой л доо . Сая энэ залуучуудын жагсаал дээр Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа гарч ирж, залуучуудынхаа саналыг хүлээж авсан. Энэ санал дотор хүлээж авах боломжгүй, алсын хараа, тооцоо судалгаа хийх ёстой асуудлууд ч байна.
-Тухайлбал ямар саналыг хүлээж авах боломжгүй гэж?
-Сонгуулийн хар машины асуудал. Сонгуулийн хар машины тооллогыг зогсоох гэдэг шаардлагыг бид хүлээж авч болохгүй. Сонгуулийн технологийн хувьд асар их дэвшилд хүрсэн автомат тооллогын систем. 2008 он болон түүнээс өмнөх бүх сонгууль гар аргаар тоолдог. Хөдөө орон нутаг, хотод ч тэр маш их будилаан, булхай гардаг байсан. Сонгуулийн санал хураалт тоолж байгаа байрнуудын тогийг таслах, хэсгийн хорооны ажилтнууд саналын хуудсанд зураг, тэмдэглээ хийх гэх мэт. Тэгвэл сүүлийн сонгуулиудад автомат тооллого хийдэг болж, будилаан булхайгүй болсон.
Санал хураалтын дүн ердөө 30 орчим минутад гарчихаад байгаа. 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд автомат машинаар тоолсон дүнгийн 50 хувьд хяналтын буюу гар тооллого хийж байгаа. 2021 оны Ерөнийлөгчийн сонгуулиар бүх хэсгийн хороонд 100 хувь хяналтын тооллого явуулсан. Тэгэхээр бид энэ автомат тооллогоос ухарч болохгүй. Гэх мэт ухралттай шаардлага байсан. Гэхдээ Засгийн газар, УИХ дахь МАН-ын бүлэг боломжтой бүх шаардлагыг хүлээн авч, төсвийн таналт хийх, төрийн албаны цомхотголын асуудал хөндөж, төсөвт байгууллагуудын зардлыг хэмнэх шийдвэр гаргаж ажиллаж байна. Байнгын хороод болон чуулганаар тун удахгүй төсвийн тодотголыг хэлэлцэх байх.
-Төсвийн тодотгол дахиж хийгээд, дахиад хасах гэж байна. Төрийн байгууллага, аентлагууд, та бүхний зардал нэлээд танагдах нь. Ажиллах нөхцөл боломж гайгүй юу?
-Төсвийн тодотгол дахиад хийнэ гэдэг бол Монголын төр үндсэндээ байж болох бүхий л таналтуудыг хийнэ гэсэн үг. Төсөвт байгууллагуудын ажилтнуудын хувьд энэ их бэрхшээлтэй. Тухайлбал, ХЭҮК байна. Монгол орны бүх аймаг, орон нутагт хүрч, хүний эрхийн зөрчилд газар дээр нь ажиллаж , үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээ авах ёстой. Гэтэл төсөв нь танагдаж байна. УИХ-аас томилогддог бүх албан тушаалтан, албан байгууллага, агентлагуудын төсөв танагдаж байна. Энэ нь нөгөө талаас бэрхшээлтэй. Тухайн байгууллагуудын үйл ажиллагааны чадавхид сөргөөр нөлөөлчих вий. Ялангуяа ХЭҮК-ийн төсөв танагдсанд би их харамсаж байгаа.
-ГУРАВДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Ж.СОРОНЗОНГ БОЛОВСРОЛЫН ЯАМНААС ДАНГААРАА ХАЛЖ, СОЛИХ БОЛОМЖГҮЙ-
-Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон гэж хүнтэй холбоотой авлигын хэргийг сэтгүүлч гаргаж, нэвтрүүлэг хийсэн. Түүнээс гадна энэ хүний талаар маш олон хууль бус үйлдлийн баримтууд дэлгээд байна. Гэтэл яамны сайд нь нэг сургуулийн багшийг хүүхэд зодлоо гэж халдаг хэрнээ энэ хүндээ огт арга хэмжээ тооцохгүй байна гэж олон нийт шүүмжилж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо энэ асуудлаар асуулга тавьж үзсэн. Орос гуравдугаар сургуулийг хоёр улсын гэрээний хүрээнд байгуулсан, хамтарсан сургууль гэдгээрээ тухайн сургуулийн удирдлагыг Монгол Улсын боловсролын яам дангаараа халж, солих боломжгүй юм байна. Гэхдээ багшийн ёс зүй болон гэмт хэргийн шинж чанартай зүйлс байгаа бол цагдаа, АТГ гэх мэт хуулийн байгууллага тогтоосны дараа удирдлагын асуудлыг ярьж болох байх.
-АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН НЭР ТӨРЛИЙГ ЦӨӨЛЖ, СОНГОХ БОЛОМЖ ОЛГОХ ЁСТОЙ-
-Боловсролын багц хуулийн төсөл юу болж байна вэ. Та энэ хуулийн төсөл дээр удаан хугацаанд ажиллаж байгаа шүү дээ?
-Намрын чуулганаар өргөн барьсан Боловсролын багц хуулинд ажлын хэсэг ид ажиллаад, дэд ажлын хэсгүүдтэйгээ зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд явж байна. Ирэх долоо хоногийн Боловсролын байнгын хорооны хуралдаанаас эхэлж хэлэлцэж эхлэх байх. Тодорхой зарчмын зөрүүтэй саналууд байгаа. Тухайлбал, хүүхэд бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох асуудалд төрийн бодлого хүчтэй байх ёстой. ЕБС, төрийн өмчийн сургуульд олгох санхүүжилтийг тэгш хүртээмжтэй болгох. Нийслэлийн сургуулиудын багтаамж их байна. Нэг ангид 50-60 хүүхэд байна. Үүнийг дагаад багшийн ачаалал өндөр. Нэг хүүхэдтэй ажиллах багшийн цаг бага байна. Тиймээс багшийн ачааллыг жигд үнэлж, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх, багш ажлын байрандаа хөгжих асуудлыг хөндөх ёстой. ЕБС ашгийн бус байх ёстой гэдэг зарчмууд дээр тодохой саналууд байгаа.
-Хувийн сургуулиуд ашиг олдог хэрнээ төрөөс хувьсах зардал авдаг биз дээ?
-Хэрвээ тухайн сургууль ашгийн гэж зарлаж байгаа бол бусад байгууллагуудын адил татвар төлөх ёстой. Ашгийн бус гэж байгаа бол тухайн сургуульд төрөөс хувьсах зардлыг нь өгье. Өндөр төлбөртэй, бизнес хийх гэж байгаа сургуулиудад хувьсах зардал өгөхгүй байх ёстой гэдгийг би болон манай ажлын хэсгийн гишүүд ярьж байна. Мөн их, дээд сургуулийн хувьд Монголчуудын хамгийн хүсэн хүлээж байгаа зүйл бол чанаргүй олон сургуулийг татан буулгах. Тиймээс Дээд боловрол болон Судалгааны их сургуулийн ажлын хэсгүүд дээр их, дээд сургуулийн статусыг шинэчлэх талаар ярьж байна. Тухайлбал, олон улсын жишгээр их сургууль, коллеж гэсэн хоёрхон байдлаар явуулах зарчмын зөрүүтэй санал байгаа.
-УИХ-ын шинэ гишүүд кэмбриджийн боловсролыг дэмжих ёстой гэж нэлээд ярьсан. Гэтэл сүүлийн үед эргээд шүүмжлээд байна уу гэсэн зүйл сонсогдож байна?
-Бид кэмбриджийн хөтөлбөрийг тааруу гэдэг утгаар нь шүүмжлээгүй. Кэмбриджийн хөтөлбөр нэрээр маш цөөхөн хүүхдийг аваад, хэд дахин өндөр зардлаар хувьсах зардлыг нь санхүүжүүлээд явж байгаа нь нийтийн тусын тулд биш. Хүртээмжгүй боловсрол гэдэг утгаар шүүүмжилж байгаа юм. Кэмбриджийн хөтөлбөр хэрэгжсэн сүүлийн арваад жилийн хугацаанд хөтөлбөрийг үндэсний боловсролын тогтолцоонд нэвтрүүлж чадаагүй. Зөвхөн хэдхэн сургуулийнхаа дунд үлдчихсэн.
Нэг хүүхдэд ногдох төрөөс төлөх хувьсах зардал нь 3-4 дахин өндөр, хүртээмжгүй, цөөнхийн сургалт болсон учраас бид үндэсний ерөнхий боловсролын тогтолцоондоо төрийн бодлогыг илүү чиглүүлж, санхүүжилтийг тавих ёстой гэж үзэж байгаа юм. Хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй боловсролыг олгох ёстой. Үүний тулд сургуулийн ачаалал, сургалтын хөтөлбөр, багшийн хөгжилд анхааръя гэдэг л байр сууринаас ярьж байгаа.
-Үндэсний боловсролын системийг хөгжүүлж, чанаржуулж, тэгш хүртээмжтэй болгохын тулд яг ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм бэ?
-2020 оны сонгуулиас хойш хоёр жилийн хугацаанд Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах чиглэлээр багш нартай уулзаж, дүүрэг, аймгууд дээр нэлээд олон хэлэлцүүлэг хийсэн. Эцэг эхчүүд, сурагчдаас асар их санал манай байнгын хороонд ирсэн. Саналуудыг харж байхад сургалтын хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Манай ЕБС-ын хөтөлбөр асар ачаалалтай, судлах хичээл маш их. АНУ-д ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангид судлах хичээл нь 9 байдаг. Түүний гурав нь сонгох хичээл.
Гэтэл манай ЕБС-ын есдүгээр ангийн сурагчид 19 хичээл үзэж байна. Сонгох хичээл байхгүй. Тэр хэмжээгээр багшийн ачаалал их байна. Үүнээс болж тухайн хүүхэд аль нэг хичээлээр мэргэших боломжгүй, олон хичээлийг дөнгөж өнгөц байдлаар үзээд байна. Тиймээс ахлах ангид нь сонирхож буй хичээлээр нь мэргэшүүлэх, сонголттой хичээлүүдийг нэмэх, хичээлийн нэр төрлийг цөөлөх шаардлага байна.
-Багш нарын ачаалал ихээс болж өөрсдийгөө хөгжүүлж чадахгүй, түүнээс нь болж хүүхдүүд тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна уу?
-Багшийн ажлыг бодитой үнэлэх ёстой юм. Судалгаанаас харахад багш 400-гаад төрлийн ажил хийж байна. Хичээл заахаас гадна эцэг эхтэй уулзах, хурал зохион байгуулах, бүх төрлийн шалгалт авах, холбогдох байгуллагууд руу мэдээлэл явуулах гэх мэт. Багш ажлын байрандаа тасралтгүй суралцаж байх ёстой. Манай төрийн өмчийн ЕБС-иудын хичээлээс хамгийн их хоцрогдолтой байгаа нь англи хэлний хичээл. Хувийн өмчийн сургуулийн сурагчдын англи хэлний элсэлтийн шалгалтын онооноос хоёр дахин бага байна.
Тиймээс төрийн өмчийн сургуулиудад англи хэлний багшаа чанартай бэлтгэх, эх хэлтэй улсууд руу багш нарыг сургах ажлыг эхлэх ёстой. АНУ, Энэтхэг зэрэг улсын элчин сайдын яамдуудтай холбогдож, санал тавьж ажиллаж байна. Багшийн хөгжлийг дэмжсэн, үндсэн цагаас гадна өөрийгөө хөгжүүлэх цагийг сургалтын хөтөлбөрт оруулах ёстой. Түүнчлэн хүн амын тоо нэгэнт цөөхөн аймгуудад шинээр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Газарзүйн онцлог, хүн амын тооноос хамаарч боловсролын хөрөнгө оруулалтуудыг хиймээр байна. Энэ мэт зарчмын өөрчлөлтүүдийг хуулинд оруулах шаардлага үүссэн.