2022.04.16

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тойрогтоо ажиллах үеэр хүүхэд, залуустай уулзлаа

Б.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллах хүрээнд Завхан аймгийн зарим ЕБС-ийн сурагчидтай болон Завхан аймаг дахь Политехникийн коллежийн оюутнуудтай уулзлаа.

Улиастай сумын Дэвшил сургуулийн 11, 12 дугаар ангийн 170 гаруй сурагчидтай “Миний үнэ цэнэ” сэдвээр үерхэл нөхөрлөл, хайр дурлал, хайр хүндэтгэлийн талаар ярилцлаа.

Мөн Завхан аймгийн сургуулийн үйл ажиллагаа болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдтэй танилцаж, ахлах ангийн суралцагч нартай уулзалт хийлээ.

Б.Баярсайханы гишүүний урилгаар Монгол дахь Англи хэлний институцын захирал Грег Майкл, багш Алета Гэйл, Г.Оюун нар Чөлөөт сэдвээр, Гэр бүл хөгжил, боловсролыг дэмжих сан ТББ-ын захирал, гэр бүл судлаач докторант Ч. Амартунгалаг "Үерхэл нөхөрлөл ба Хайр сэтгэл" сэдвээр, АШУҮИС-ийн анатомийн тэнхимийн Ахлах багш анагаах ухааны доктор Г.Нандин "Охидын эрүүл мэнд" сэдвээр тус тус сургуулийн ахлах ангийн 220 гаруй суралцагчид лекц сургалт зохион байгууллаа.

Уулзалт, сургалтаас хүүхдүүд УИХ-ын гишүүний хамтаар “Хүүхэд бүр аз жаргалтай, хүчирхийлэлгүй оюунлаг Завханчууд” гэсэн уриалгыг дэвшүүллээ. Хүүхдүүдийн санаачилсан уриалгыг Завхан аймгийн "Хүүхдийн төлөө зөвлөл"-ийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж зорилт болгон хэрэгжүүлэхээр боллоо.

Мэргэжил бүхэн сайхан

Ирээдүйн Монгол Улсыг хөгжүүлэх мэргэжилтэн болохоор суралцаж буй Завхан аймаг дахь Политехникийн коллежийн оюутнуудтай уулзаж, зөв хандлага, харилцааг төлөвшүүлэх, бусдыг хайрлаж, өөрийнхөө хосгүй зан чанарыг хөгжүүлж ёс зүйтэй, оюунлаг иргэн болж төлөвших талаар “Миний үнэ цэнэ” сэдвээр ярилцлаа.

Хүүхдүүд хүчирхийллийн эсрэг нэгдэж байна

Аймгийн Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж "Хүүхэд бүр нь аз жаргалтай, хүчирхийлэлгүй, оюунлаг Завханчууд" болох зорилтыг хэрэгжүүлэх шийдвэрийг зарламагц Аймгийн Хүүхдийн Нэгдсэн Зөвлөл (АХНЗ) -өөс Б.Баярсайхан гишүүнтэй уулзах хүсэлт иржээ.  

Тус зөвлөлийн хүүхдүүд “Хүчирхийлэлгүй Завхан”-д нэгдэж дуу хоолой болон ажиллана гэдгээ хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан АХНЗ-ийн хүүхдүүдтэйгээ цаашид хамтран ажиллаж тэднийхээ хүсэлтээр 24 суманд салбар хороо байгуулахад, хүүхдүүдээ сургагч багшаар бэлтгэж үе тэнгийн найз нарт нөлөөллийн ажил хийх зэрэг боломжтой ажлуудаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.