“Оюуны өмч ба залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе” хэлэлцүүлэг боллоо
2022.04.26

“Оюуны өмч ба залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе” хэлэлцүүлэг боллоо

Жил бүрийн 4 дүгээр сарын 26-нд Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг угтан Оюуны өмчийн газраас Жижиг, дунд үйлдвэрийн газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, ШУТсан, АНУ-ын элчин сайдын яамтай хамтран “Оюуны өмч ба Залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газрын алба хаагчид, мэдээлэл, технологийн компаниудын төлөөллүүд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөллүүд мөн Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гишүүд зэрэг 100 гаруй хүмүүс оролцов.

Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл “Компьютерт суурилсан шинэ бүтээлийн хамгаалагдах боломж, туршлага”, Мэдээлэл технологийн үндэсний паркын зөвлөх Жэкоб Ковакс Гүүдман “Гүүгл компанийн оюуны өмчийн туршлага”, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Цогзолмаа “Экспортлогч болон гарааны компанийн оюуны өмчийн стратеги” сэдвээр тус тус илтгэл тавин оролцогч нарт оюуны өмчийн стратеги, програм хангамжид суурилсан шинэ бүтээл, бүтээгдэхүүнийг оюуны өмчөөр хамгаалах, түүнийгээ дэлхийн зах зээлд гаргах боломжийг талаар мэдээлэл өглөө.