Дуу бүтээгчид, оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ
2023.07.25

Дуу бүтээгчид, оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ

Монгол улсын дуу хөгжим бүтээгчдийн оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, зохиогчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон оюуны өмчөө хэрхэн хэрэглээнд оруулах, үнэлэх, хянах нэгдсэн системийг бий болгоход чиглэсэн “Монголын Дуу Хөгжим Бүтээгчдийн Анхдугаар Чуулган” анх удаа зохион байгуулагдлаа.

Монголын рок попын ахмад төлөөллүүд, шинэ залуу үеийн уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид болон студи, продакшны төлөөллүүд нэгдэж салбарын ирээдүйн чиг хандлага, хөгжлийн талаар ийнхүү чуулж, хэлэлцлээ.

Тус чуулганд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал, Соёлын сайд Ч.Номин нар дуу хөгжим бүтээгчидтэй дуу хөгжмийн салбарын өнгөрсөн ба одоо, бусад орны жишиг сайн туршлагууд, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн талаар хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлгээр “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого”-ийн хүрээнд Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэчлэл хийж цаашлаад улсын эдийн засагт оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ирээдүйд дэлхийн зах зээлд чанартай Монгол уран бүтээлчдийг экспортлох боломжуудыг эрэлхийлж шийдлүүдийг ярилцсан юм.

Дуу бүтээгчдийн хувьд салбарынхаа хойч хэтийн бодлогыг хамтдаа ярилцаж, хуралдаж байгаа нь анх удаа бөгөөд энэхүү арга хэмжээг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд санаачлан, Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци, "Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв" хамтран зохион байгуулсан бол хамтдаа эвлэлдэн нэгдэж, дуу хөгжим бүтээгчдийн оюуны өмчийг хамгаалах, тэдэнд бодит ашгийг хүртээх, ашиг, орлогыг шилэн байлгаж татварын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.

Мөн нэгдсэн сервер бий болгож үүн дээрээ тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах нь хэрэгтэй гэж байна.

Тус арга хэмжээнд Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциацийн Гүйцэтгэх захирал, Төрийн соёрхолт Д.Болд - “Дуу хөгжмийн салбарт үндсэн систем бүтээх ба оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах”



"Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв"-ийн Тэргүүн Б.Лхагвасүрэн - "Дуу хөгжмийн үнэлэмж"


Хөгжмийн зохиолч, продюсер Д.Өлзий-Орших - “Дэлхий, социалист Монгол, капталист Монгол”


MОНАДД – ийн үүсгэн байгуулагч Ч.Тамир - “Дижитал эрин үед хөгжмөөс хэрхэн олох вэ? Өнөө ба ирээдүй” сэдвээр тус тус илтгэл тавигдсан бол, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал уран бүтээлийг цахимжуулах талаар нарийн мэдээлэл өгч, Соёлын сайд Ч.Номин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийн тухай болон салбарын бусад асуудлаар мэдээ мэдээлэл хүргэж, чуулганд ирсэн нийт оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тодорхой хариултуудыг өгсөн юм.



Соёлын салбарыг хөгжүүлэхэд тэр дундаа оюуны өмчийг хамгаалах хуультай болсноор уран бүтээлчдийн шинийг эрэлхийлэх, дуу хөгжим урлаг шинэ шатандаа хөгжихөд түлхэц болох юм байна. 2021 оны судалгаагаар соёлын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 1.4 хувийг бүрдүүлж байсан.

Тэгвэл 2027 онд 4 хувь болгох зорилтыг тавиад байгаа юм байна. Мөн Дуу, хөгжим бүтээгчдийн анхдугаар чуулганыг тогтмол хийж, салбарынхаа дотоод асуудлыг хэлэлцдэг, хууль эрхзүйн орчноо сайжруулахад чиглэсэн нэгдсэн бодлоготой байхыг чуулгад оролцсон нийт уран бүтээлчид дэмжсэн юм.