Н.Учрал: Хувь хүний чөлөөт байх эрхэнд халдсан дүрс бичлэг хийхийг хориглоно
2022.05.02

Н.Учрал: Хувь хүний чөлөөт байх эрхэнд халдсан дүрс бичлэг хийхийг хориглоно

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хуулийн тухай УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ажлын хэсгийг ахлан батлуулж хэрэгжиж эхэлж байгаа чухал хуулиудын нэг бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.

Төрийн байгууллага болон аль нэг хуулийн этгээд мэдээлэл цуглуулж боловсруулж ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн ашиглах гэж буй зорилгоо мэдээллийн эзэнд мэдэгдэж, заавал зөвшөөрөл авдаг болсон. Мөн иргэн таны хурууны хээг ашиглан цаг бүртгэх, банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, худалдаа үйлчилгээ хэрэглэх зэрэг нь хориотой болсон. Үүгээр ч зогсохгүй дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байрлуулж болох болохгүйг хүртэл уг хуулиар зохицуулсан. Тухайлбал ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй чөлөөт байх эрхэнд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэг байрлуулахыг хориглож байна" гэлээ.