“Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг хянан баталгаажуулна
2022.05.11

“Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг хянан баталгаажуулна

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолын төсөл батлагдлаа.

Байнгын хорооноос Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож буй уг тогтоолын төсөлд:
  • Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
  • Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтыг хангах үүднээс байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль, түүх соёлын үнэт өв болон ховордсон амьтан, ургамлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах, дасан зохицох шаардлагыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллын асуудлыг дахин нягтлах, улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
  • Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, 2020 оны 46 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар, дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтоох, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулж бүртгэх ажлын зохион байгуулах;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн төлөв байдал, нөөц даацын судалгаа хийх, газар зохион байгуулалтын төлөвлөлт, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг шинэчлэх;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийн эрх зүйн орчинг боловсронгуй болгож, бүхэлд нь буюу хэсэгчлэн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад тодорхой нөхцөл болзолтойгоор хариуцуулан хамгаалалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлж, улсын төсвийн ачааллыг бууруулах боломж нөхцөлийг судалж холбогдох арга хэмжээг авах;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тодорхой болгох, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэх;
  • Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг жил бүр бодитой дүгнэж, зориулалтын бусаар ашиглах тохиолдолд газар ашиглах гэрээг цуцлан эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дуусгавар болгох;
  • Тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг шуурхай шийдвэрлэх;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, сүлжээг өргөтгөхтэй холбогдуулан тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааг чиг үүргээ хэрэгжүүлэх, хяналт тавих, зардал хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс зөв байршуулах, байгаль хамгаалагчийн орон тоо, хүний нөөцийн хангалт, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, нэг байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг тусгай хамгаалалттай газар нутгийн онцлогтой уялдуулан шинэчлэн тогтоох;
  • Улсын Их Хурлын 1996 оны 26 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тодруулж зурагласан “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг хянан баталгаажуулж, мөрдүүлэх;
  • Тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр олгосон газрын асуудлыг судалж, шийдвэрлэх, газар ашиглалтын харилцаа үүсээгүй газруудыг хамгаалалтын бүсэд оруулж, хамгаалалтыг сайжруулах;
  • Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахдаа тухайн бүс нутагт уламжлалт аж ахуйн эрхлэж буй иргэдийн эрхийг хангаж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүртгэн, гэрчилгээжүүлэх;
  • Тусгай хамгаалалттай газар нутагт тавигдах нийтлэг шаардлага, стандартуудыг шинэчлэх, мөрдүүлэхийг чиглэл болгохоор тогтоолын төсөлд тусгалаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn