2022.05.19

Дундговь аймаг 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй Эрүүл мэндийн дэмжих төвтэй боллоо

Дундговь аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн дэмжих төв байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Дундговь аймаг бол Өмнөговь, Говьсүмбэр аймгийн дунд байрлаж байгаагаараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дундын бүс нутаг болдог. Иймд эрүүл мэндийн байгууллагыг улам бүр чадавхжуулж, бүсийн хүрээнд хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд одоогоор 11 аймаг 4 дүүрэг хамрагдаад явж байгаагийн нэг нь Дундговь аймаг. Аймгийн хэмжээнд уг үзлэг шинжилгээнд статистик тоон үзүүлэлтээр 30700 иргэн хамрагдахаар байна. Сүүлийн жилүүдэд төрөөс хүн амынхаа эрүүл мэндэд онцгой анхаарсан бодлого шийдвэр гаргаж байгааг дагаад аймгуудын эрүүл мэндийн төвийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах ажлууд шат дараатай хийгдэж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Дундговь аймгийн эрүүл мэндийн байгууллагад 2021 онд 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, барилга байгууламжийг засаж сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Харин 2022 онд 5.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. Цаашид боловсон хүчнийг чадавхжуулах, сумдыг эм эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах ажил хийгдэх ёстой. Говийн хатуу ширүүн байгалийн нөхцөл байдлаас үүдэж өвчлөл өндөр байдаг. Иймд нарийн оношилгооны аппаратуудыг эмнэлэгт олгох шаардлагатай. Аймгийн төвд 100 ортой эмнэлгийн барилга, хамгийн олон хүн амтай Эрдэнэдалай суманд сум дундын эмнэлэг мөн баригдаж байна. Бусад сумдын хувьд ч эмнэлгийн барилга байгууламж барих, сайжруулах ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх ёстой. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна гэдгийг эмнэлгийн нээлтэд оролцож, үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэлж, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.