2022.05.24

Н.Наранбаатар: Ашиг сонирхлын зөрчилтэй ажилтнуудад хариуцлага тооцох шаардлагатай.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022,05,24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Тогтоолын төслийг дэмжиж байгаа. Аливаа гэрээ хоёр талын эрх ашгийг хангасан, хоёр талдаа үр ашигтай хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл ПетроЧайна Дачин Тамсаг компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ бол гэрээний үндсэн зарчим,  олон хуулийн заалтыг зөрчсөн, одоо байгаа цаг үетэйгээ нийцэхгүй, Монгол улсад эсрэгээрээ хохиролтой, гэрээлэгч талд давуу тал болгосон, илүү ашигтай байдлаар хийгдсэн гэрээ учраас хуульд нийцүүлж өөрчлөх, гэрээнээс хүртэх Монгол улсын Засгийн газар, ард түмний үр ашгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай учир байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байна. Мөн Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт газрын тос олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Доншен газрын тос (Монгол)” ХХК бий.

Энэ компанийн талаар бид мэдээлэл муу байгаа. Энэ тогтоолоор хамтран уг компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх, судлах, шаардлага байна уу. Эсвэл тусад нь авч үзэх үү. Удахгүй 2025 онд өөрийн нефтийн үйлдвэртэй болно. Өөрсдийн нутаг дэвсгэр дээр өөрийнхөө баялгыг хангалттай хэмжээнд худалдаж авч чадаж байна уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Дараа нь ашигт малтмалын тухай хуулинд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн орон нутагтай хамтын ажиллагааны гэрээг байгуулж ажиллах талаар заасан байдаг. Орон нутгийн иргэд уул уурхайн компанийн үйл ажиллагаанд дургүйцлээ илэрхийлдэг нь үүнтэй холбоотой. Тухайн орон нутаг, ард иргэдэд үр өгөөжгүй, ажлын байргүй, ханган нийлүүлэлтгүй учраас эсэргүүцдэг.

Тиймээс тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилладаг, тухайн сум, аймгийг хөгжүүлэх сантай байх ёстой. Энэ санг хоёр талаас хамтраад байгаль орчныг сэргээх, иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлдэг тодорхой хөрөнгө оруулалтын ажлуудыг хийх хэрэгтэй. Мөн дээрээс нь анхаарах асуудал бол тэнд холбогдох хууль, тогтоомжийг биелүүлэхийг шаардаж ажиллах төрийн албан тушаалтнууд, Засгийн газрын төлөөлөгчид үйл ажиллагаа явуулж буй компанитай ашиг сонирхлын зөрчилтэй байдаг. Тиймээс үүнийг анхаарах, шаардлагатай бол солих, хариуцлага хүлээлгэх ёстой.