Ерөнхий сайдын хүсэлтийг байнгын хороо дэмжлээ
2009.10.28

Ерөнхий сайдын хүсэлтийг байнгын хороо дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийн тухай хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр биеийн эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө 2009 оны аравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.

Ерөнхий сайд С.Баяр Засгийн газрын хуралдааныг даргалж байгаа тул албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Энэ талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхий сайдын хүсэлтийг зуун хувь дэмжсэн тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Байнгын хороо дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг асуудалтай холбогдуулан Э.Бат-Үүл, Су.Батболд, Д.Дондог, Э.Мөнх-Очир нарын гишүүд сайд Б.Долгор болон холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, хариулт авав.

Санхүүгийн төвлөрлийг сааруулан орон нутагт татварын бие даасан тогтолцоо бүрдүүлэх, төсвийн дэмжлэг үзүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, засаг захиргааны шинэтгэлийг тууштай хийх, төрийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг асуудлыг гишүүд хөндөж байлаа.

Гишүүн Су.Батболд сүүлийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Авлигатай тэмцэх газрын ажлыг зааж чиглүүлэх маягтай хандлага ихээхэн гаргаж байгааг хэрхэн үзэж буйг байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс асуухад “Авлигатай тэмцэх байгууллагын тухайд бид баталсан хуулийнхаа дагуу л ажиллах ёстой. Энэ байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хуульчилж өгсөн. Тиймээс аль нэг байгууллагын зүгээс шахалт дарамт үзүүлэх ёсгүй, хаана хаанаа хуулийн хүрээнд ажиллах учиртай” гэсэн хариулт өгөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.