Хууль боловсруулахад иргэд, ТББ-ын оролцоог хангана
2009.10.28

Хууль боловсруулахад иргэд, ТББ-ын оролцоог хангана

Хууль зүйн Байнгын хороо 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа ‘’Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай’’ Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Засаглал, Эрх зүйн шинэчлэл гэсэн зургадугаар бүлгийн хүрээнд хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн ИТХ, Засаг дарга болон цагдаа, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулах, эрх зүйн харилцан зохицуулалтыг бий болгох, УИХ-ын гишүүн Х.Жекей хилийн боомтын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах, Хил хамгаалалтын анги, салбаруудын дэд бүтцийг сайжруулах, тэнд ажиллагсдын цалин, хангамж, нийгмийн баталгааг бэхжүүлэх талаар арга хэмжээ авах талаар санал тус тус дэвшүүллээ.

Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийслэл, дүүргийн чиг, үүрэг түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, удирдлагын бие даасан эрх хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн бусад нэгжтэй харилцах, нийслэл, дүүргийн статуст шинэтгэл хийх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, гишүүн Б.Чойжилсүрэн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Х.Тэмүүжин гишүүн ”Үндсэн хуулийн иргэний сургалтын агуулга, чиглэлийг тодорхойлж, албан бус, бага, дунд болон дээд боловсролын зорилтод нийцүүлж тусгах ажлыг зохион байгуулж бодлогын түвшинд шийдвэрлэх талаар санал гаргалаа.

Түүнчлэн гишүүн Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин, Г.Занданшатар нар хуулийн байгууллагуудын шинэтгэлтэй уялдуулж, Цагдаагийн академийн мэргэжлийн сургалтын агуулга, зорилттой холбогдсон зохион байгуулалтыг боловсронгуй болгох, шаардлагатай техник, хэрэгслээр хангах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулахад иргэд, төрийн бус байгууллагын оролцоог хангах, тэдний санал, бодлыг хуулийн төсөлд тусгах үүднээс төсөлд цахим хэлбэрээр санал авах ажлыг нийслэл, орон нутагт зохион байгуулдаг тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн төсөл боловсруулах үе шат, үйл явцыг шинэчлэн нээлттэй, үр ашигтай болгох үүднээс эрх зүйн орчинг нь боловсронгуй болгох талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байсан.

Хууль зүйн байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, хуралдаанаар дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томъёолж, санал, дүгнэлт болон санал хураалгах саналын томъёоллыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.