Төрийн албаны зөвлөлийн дүрмийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг дүрмийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг энэ сарын 22-нд хуралдаж, зарчмын зөрүүтэй найман саналын томъёолол гаргаж байнгын хорооны хуралдаанд оруулахаар болжээ.
Дүрмийн төсөлтэй холбогдуулан Д.Дондог, Д.Загджав, Д.Очирбат нарын гишүүд ажлын байрны орон тоо зарласан байгууллага нь төрийн албаны шалгалтад анх орж тэнцсэн хүнээс ажлын дадлага туршлага, ур чадвар гэх зэргээр янз бүрийн шалгуур, шаардлага тавьдгийг хэрхэн цэгцлэх, аймаг, нийслэлээс гадна дүүрэгт төрийн албаны салбар зөвлөл байгуулж болохгүй юу гэдгийг ажлын хэсгийн ахлагч болон Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас тодруулж, хариулт авлаа.
Дараа нь гишүүд дүрмийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлэв. Тухайлахад гишүүн Д.Очирбат, Д.Загджав нар аймаг, нийслэлд төрийн албаны салбар зөвлөлийн дарга нь Тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхий менежерүүд байх нь буруу. Харин ИТХ-ын нарийн бичгийн дарга нар байх нь зөв. Түүнчлэн төрийн алба хүндээ хүрч үйлчилдэг, шат дамжлагыг цөөрүүлэх үүднээс олон мянган хүн амтай дүүрэгт салбар зөвлөл байгуулах нь зүйтэй юм гэсэн санал хэлэв. Харин Су.Батболд, Д.Дондог, Э.Мөнх-Очир нарын гишүүд төрийн албаны салбар зөвлөлийг Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгжүүддээ байгуулах ажлын хэсгийн саналыг дэмжиж байв. Гишүүн Су.Батболд яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нар нь төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажиллаж ирсэн тогтсон жишгийг эвдэж болохгүй. Төрийн албаны тухай хуулийн гол мөн чанарыг дүрэм журмаар алдагдуулж таарахгүй гэдгийг хэллээ.
Ингээд гишүүдийн гаргасан саналаар санал хураалгахад яам, аймаг, нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөл томилох тухай санал олонхийн дэмжлэг авав. Харин төрийн албаны салбар зөвлөлийн дарга нь орон тооны байх, дүүрэгт салбар зөвлөл байгуулах санал дэмжигдсэнгүй.
Дараа нь ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Харин төрийн албаны салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөл томилох саналын тухайд гишүүн Су.Батболд цөөнх болж, энэ тухай үндэслэлээ чуулганы нэгдсэн хуралдаан дээр илэрхийлэхээр болов.
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч зарим байнгын хорооны хуралдаан давхацсан тул хэлэлцүүлгийг хойшлуулав.