Б.Хэрлэн: Төрийн алба байнга халагдаж, солигдоод байгаа нь удирдах албан тушаалд шаардлага хангах хүмүүсийг нөөц санг улам хумьж буй явдал
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчдийг танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Хэрлэн нэр дэвшигчдээс дараах асуултыг асуулаа.
Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийг ерөнхийд нь дэмжиж байна. Өнөөдөр төрийн албаны хуулийн шинэчлэлийн тухай яригдаж байгаа энэ цаг үед, ялангуяа ажлын дадлага туршлагатай шинэ үзэл бодол, шинэ хандлагатай юм хийе гэсэн санаа бодолтой 2 шинэ гишүүн орж ирж байгаад их талархаж хүлээж авч байна аа. Надад төрийн албаны бүтээмжтэй холбоотой, ялангуяа төрийн албаны бүтээмжид нөлөөлж байгаа төрийн албан хаагчийн тогтвор суурьшилтай холбоотой 2 асуулт байна.
Үндэсний аудитын тайлан, ТАЗ-ийн тайланг харахад 2024 оны байдлаар нийт төрийн албан хаагчдын 18,3% нь ажлаасаа халагдсан, солигдсон байна. Энэ маш өндөр тоо. Төрийн байгууллагын үйл ажиллагааг алдагдуулна. Нөгөө шинэ хүнийг чинь сургана, ажилтан дадлагажуулахад цаг хугацаа, хөрөнгө яваад байдаг талтай. Ердөөсөө 5 хүний 2 нь төрийн албанд 0-5 жил ажиллаж байгаа хүмүүс байна. Энэ уг нь 2023 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмсэн, нийгмийн баталгааг шийдвэрлэх олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд өмнө нь 23% нь халагддаг, солигддог байсан нь 18 болоод 5%-аар буураад байна л даа. Цалин хөлснөөс гадна халагдаж солигдоход хүргээд байгаа өөр суурь шалтгаанууд байна уу?
Хоёрдугаарт, 2017 онд батлагдсан төрийн албаны хуульд мерит зарчим тунхаглаад оруулаад ирсэн. Энэ нь төрийн албаны гүйцэтгэх удирдах албан тушаалд дэвшин ажиллахад төрийн албанд ажилласан байх хугацааны шаардлагуудыг тавиад эхэлчихдэг. Хэрвээ төрийн алба байнга халагдаад солигдоод байвал хугацааны шаардлагыг хангаж гүйцэтгэх, удирдах албан тушаалд ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулах нөөц сан улам хумигдаад байна аа л гэсэн үг. 2024 онд гүйцэтгэх албан тушаалд төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд 20762 хүний сонгон шалгаруулалт зарласан байна лээ. Үүний дөнгөж 50% нь хангагдаж үлдсэн 50% нь нөхөгдөөгүй. Ийм их хатуу системийг бий болгоод, гаднаас хүн орох арга байхгүй ийм хатуу, хаалттай системийг бий болгочхоод дээр нь төрийн алба нь өөрөө тогтвор суурьшилтай ажиллах арга байхгүй болоод ирэхээр цаашдаа нөхөгдөх орон тоо, нөхөх боломжгүй болох нь. Төрийн албаны хуулийг шинэчлэх гэж байгаа энэ үед уг асуудлыг хэрхэн шийдье гэж та бүхэн бодож байгаа вэ?
Түүний асуултад нэр дэвшигчид хариуллаа.

Сэтгүүлч