Сорилын шалгалтад тэнцсэн хүмүүсийг нөөцөд бүртгэх зөв гэж үзлээ
2009.05.07

Сорилын шалгалтад тэнцсэн хүмүүсийг нөөцөд бүртгэх зөв гэж үзлээ

Улс орон даяар саяхан зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад 15403 хүн 2340 ажлын байрны төлөө өрсөлдсөнөөс 5674 нь сорилын шалгалтад 35-60 оноо авч, нийт оролцогчдын 36,8 хувь нь шалгалттайгаа тэнцсэн дүн гарчээ.

Энэ жилийн шалгалтад өмнөх жилүүүдээс харьцангуй олон хүн хамрагдсан ч оролцогчдыг цахим хэлбэрээр бүртгэж, асуултыг компьютерийн аргаар хуваарилж олшруулан шалгалтыг авсан, дүнг машинаар шалгаж шуурхай мэдээлсэн зэрэг нь олон нийтэд ил тод, элдэв хардлага төрөхөөргүй үр дүнтэй арга хэмжээ болсон гэж үзэж байгаа аж.


Гэвч сорилын шалгалтад тэнцэж өндөр оноо авсан оролцогчид төрийн албанд ажилласан хугацаа хүрээгүй, төрийн албанд ажиллаагүй гэдэг шалтгаанаар бичиг баримтын шалгалтад орж чадаагүй гэсэн гомдол олноор ирүүлж байгаатай холбогдуулан иргэдийн гомдлыг шийдвэрлүүлэх зорилгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр Төрийн албаны зөвлөлд албан тоот хүргүүллээ.


Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тусгайлан бэлтгэж, шаардагдах оноог авсан хүмүүст тухайн байгууллага тодорхой шалгуур тавьсан нь тэнцсэн хүнийг дараагийн шатны шалгалтад оруулахгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулахдаа тодорхой асуудлуудыг шийдэж чадаагүйгээс иргэдийг бухимдуулсан асуудал гарчээ гэдгийг уг албан тоотод тэмдэглэсэн байна.
Иймээс Төрийн албаны тухай хуулийн 35.1.9-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах эрхийнхээ хүрээнд гомдол гаргаж байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэж, сорилын шалгалтад тэнцсэн хүмүүсийг бичиг баримтын шалгалтад оруулах, нөөцөд бүртгэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Харин тухайн хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах, шинээр ажилд авах эсэхийг тухайн байгууллагын мэдэлд үлдээх нь зүйтэй юм гэж уг албан тоотод дурьдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.