Аудитынхны албан тушаалын цалинг хэрхэн тогтоохыг зохицуулна
УИХ-ын гишүүн Д.Дондог, Л.Гантөмөр нар Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.
УИХ 2003 онд Төрийн аудитын тухай, 2006 онд Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан. Гэхдээ Төрийн аудитын тухай хуулиар төрийн аудитын байгууллагын албан тушаалын ангилал, зэрэг дэвийг тогтоосон боловч цалингийн хэмжээг хэрхэн тогтоох асуудал зохицуулагдаагүй орхигдсоныг залруулах үүднээс гишүүд ийм хуулийн төсөл санаачилсан байна.
УИХ-ын 2009 оны зургадугаар тогтоолоор төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, УИХ-ын 1995 оны 42 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор төрийн аудитын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг тодорхойлох эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг одоогоор байхгүй учраас тус байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг УИХ тогтоож байх асуудлыг Төрийн аудитын тухай хуульд нэмж тусгах шаардлагатай байгааг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.