2022.07.18
Ерөнхий сайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нэгдүгээр багийн нутаг Шижигтийн хавцал хэмээх газарт “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн явцтай танилцлаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, найдвартай эх үүсвэртэй болох юм.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, 90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, 220 мегаваттын Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллаж буй.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт тухайлбал, Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 270 айл өрх төслийн нөлөөлөлд өртөхөөр байгааг тогтоосон.
Төслийн усан сан бүрэлдэх талбайн нөлөөлөлд өртөж буй 270 өрхийг одоо мөрдөгдөж буй Газрын тухай хууль, дагалдаж гарсан журмын хүрээнд 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд нийт 91 өрхийг нүүлгэн шилжүүлэх санхүүжилтийг Улсын төсөвт тусгуулаад байгаа юм.