Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгт ажил хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт ажиллаж байгаа юм.
Хуваарийн дагуу дүүргийн 75, 216, 54, 14,160,16,149 дүгээр цэцэрлэг, 131, 11, 1, 31, 2 дугаар сургуулиудад ажиллав.
Тус сургууль, цэцэрлэгүүдэд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явц, их засварын ажилтай танилцаж холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тухайлбал, 9 дүгээр хорооны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор 75 дугаар цэцэрлэгийг түшиглэн түрээслэхээр шийдвэрлэсэн байр, түүний эзэдтэй уулзан ажлын явцтай танилцаж, гэрээний явц, засвар үйлчилгээг хурдавчлах, үүний тулд дүүргийн зүгээс боломжит бүхий л асуудлаар дэмжин ажиллахаа илэрхийлж, шаардлагатай зөвлөгөөг өгөв. 11 дүгээр сургуулийн спорт заалны их засвар, 160 дугаар цэцэрлэгийн гадна фасад, 131 дүгээр сургуулийн гадна фасад зэрэг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын гүйцэтгэл 100 хувьтай байна.
Мөн Засаг дарга цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгч нарын санал хүсэлтийг сонсож, зохион байгуулалтын арга хэмжээ, холбогдох шийдвэрүүдийг гаргахын зэрэгцээ хөрөнгө оруулалт, их засвар, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын чанар, хугацаа, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгон, эргэн 8 дугаар сарын 20 нд биелэлтийг шалгахаар боллоо. .