2022.08.01
Хөвсгөл аймгийн 21 иргэнийг түр ажлын байраар хангажээ
БОАЖЯ болон Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сумын нутаг дэвсгэр дэх хогийн цэг байгаа газрыг ашиглан хатуу хог хаягдлын 2 дугаар зэрэглэлийн ландфилл байгууламж барих ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслөөр дээрх хоёр суманд хэрэгжих хатуу хог хаягдлын ландфилл байгууламж ашиглалтад орсноор байнгын ажлын байр 10 орчим бий болох ба нийт төслийн барилгын ажлын явцад орон нутагт 350 гаруй ажлын байр бий болох тооцоотой байна.
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1-р тогтоолоор батлагдсан “Ногоон ажлын байр хөтөлбөр” болон төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс ландфилл байгууламж барихтай холбоотой бэлтгэл ажлын хүрээнд Хатгал тосгоны Харгана хогийн цэгийн дахиврыг ангилах ялгах ажилд орон нутгийн 21 ажил хайгч иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллажээ.