Хүүхдийн тоог бодитой гаргаж, хэмнэлт хийнэ
2009.11.18

Хүүхдийн тоог бодитой гаргаж, хэмнэлт хийнэ

Өчигдөр үдээс хойш УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан боллоо. Тус дэд хороо Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Зоригт удирдан явуулсан.

Дэд хорооны гишүүд эхлээд Үндэсний аудитын газрын санал дүгнэлтийг сонслоо. Үндэсний аудитын газар Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй танилцаад орлого талд нь дөрвөн зvйл нэмэх, зарлага талд нь зургаан зүйлийг хасах санал боловсруулсан байна. Тухайлбал, төрийн албаны удирдах ажилтнуудын утасны төлбөрөөс 110 сая төгрөг хэмнэх бололцоотой гэж үзсэн аж. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд хүүхдийн тоог бодитойгоор гаргавал 12 тэрбум төгрөг хэмнэх бололцоотой. Харин орлогыг нэмэгдүүлэхдээ далайн тээврээс 253 сая төгрөг нэмж олох, газрын тосноос олох орлогыг 5.1 тэрбумаар нэмэгдүүлэх зэрэг санал дэвшүүлснээс зарим нь дэмжигдээгүй юм.

Тодруулбал, зарлага бууруулах тал дээр төрийн албаныхны утасны төлбөрөөс 110 сая төгрөг хэмнэх санал дэмжлэг авч чадалгvй унасан бол хүүхдийн тоог бодитой гарган 12 тэрбум төгрөг хэмнэх санал дэмжигдлээ. Мөн газрын тосноос олох орлогыг 5.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, далайн тээврээс 253 сая төгрөг нэмж олох зэрэг санал дэмжлэг авав. УИХ-ын гишүүн О.Чулуунбатын Хөгжлийн банк байгуулахад дvрмийн санд олгохоор төлөвлөсөн найман тэрбум төгрөгииг 2010 оны төсөвт суулгах шаардлагагvй, хасах нь зүйтэй гэсэн санал хуралдаанд оролцсон нийт гишvvдийн дэмжлэгийг авлаа.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг гаргахдаа хүүхдийн тоог буруу тооцоод байдаг юмуу, үүнийг тодруулж хэлээч гэж байв. Үүнд Ерөнхий аудитор Ч.Раднаа хариулахдаа, хүүхдийн тоо гурван эх үүсвэрээс авахад ч өөр тоонууд гараад байдаг. Аль нь ч нэг саяд хүрдэггүй гэлээ. Тэрээр 2007, 2008 онуудад нэлээд олон тэрбумыг хүүхдийн мөнгөнөөс хэмнэсэн ч тэдгээр мөнгийг данс хооронд нь зарцуулсан тоо гарсан гэдгийг хэлсэн. Ер нь хүүхдийн тэтгэмжийн мөнгийг 950 мянга орчим хүүхэд эхний жилд авсан ч сүүлдээ энэ тоо арай багассан талаар мөн хэлж байлаа.

Харин Ц.Сэдванчиг гишүүн, хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг тараагаагүй бол эргэж татах ёстой байтал хооронд нь шилжүүлж тооцож байгаа нь хууль зөрчиж байгаа бусуу гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат хэлэхдээ, манай зарлага жилээс жилд өсөөд л байдаг. 2003 оноос хойш хэд дахин өслөө. Төсвийн ерөнхийлөн захирагч нар ямар нэг бодит зүйлд үндэслэдэг үйл ажиллагаа явуулдаг юм байгаа биз дээ хэмээн асууж байв. Ерөнхий ямар нэг төлөвлөгөө, хөтөлбөрөөр ажлаа хийх ёсгүй, “мөрөөдлийн жагсаалт ”-аасаа 2-3 зүйл оруулчихдаг, тэрийг нь УИХ батлаад яваад байна уу даа гэж байв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн яам төсөл, төлөвлөгөө хийхдээ бодлогоо сайтар харж байгаач ээ, байгаа жаахан хөрөнгөө бодлогогүй тарамдуулан цацаж байна. Зардлын хэмнэлтийн талаар анхааралтай хандах хэрэгтэй байна гэсэн. Мөн аудитынхан зөв бодлогоор аудит хийхгүй бол төсвийн толгой данхайдаг гэсэн ярианд унаж байна гэлээ. Бодлого гаргадаг яамдуудаа янз бүрээр өөчлөн “мөлжиж” гоочилдгоос болоод тэд бодлогоо дорвитой ч тодорхойлж чадахаа больсныг эрхэм гишүүн онцолсон. Зардлын хэмнэлт дээр аудит хийхдээ болгоомжтой хандах нь чухал хэмээж байлаа. Төсөв хэлэлцэх үедээ зардал хэмнэж, хэдэн арван тэрбумаар нь хасахаар тухайн байгууллага үйл ажиллагаагаа ч явуулж чадахаа больдог тал бий. Энийг яаж зохицуулах санал оруулж ирэх нь зүйтэй гэсэн юм.

Гишүүдийн тавьсан гаалийн орлого буураад байгаа нь юутай холбоотой, гар утасны лимитийг бууруулах нь ямар учиртай зэрэг асуултад Сангийн дэд сайд Т.Очирхүү болон тус яамны холбогдох албаны хүмүүс хариулж байлаа.

Н.Тунгалаг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.