Баянзүрх дүүрэгт “Олон улсын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг НҮБ дэмжинэ
2022.08.18

Баянзүрх дүүрэгт “Олон улсын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг НҮБ дэмжинэ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд Монгол улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишратай уулзлаа.

Уулзалтаар дүүргийн 23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийхээр төлөвлөж буй "International Garden of Mongolia" буюу Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн талаар харилцан санал солилцлоо.

Энэ үеэр Монгол улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ:

“Нэгдэн Үндэсний Байгууллага тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд ногоон хөгжил маш чухал нөлөөтэй. Тиймээс Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүрэг болох Баянзүрх дүүрэгт хийх "International Garden of Mongolia" буюу Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг онцгойлон дэмжиж, хамтран ажиллах болно. Үүгээр ч зогсохгүй НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд хийгдэх тодорхой ажлуудыг Улаанбаатар хотоос Баянзүрх дүүргийг сонгож хэрэгжүүлэхэд нээлттэй” гэсэн юм.

Үүний дараа Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

“Бид Баянзүрх дүүргээ бүх талаар нь иргэндээ ээлтэй, нээлттэй болгоход шаардлагатай тохижилтоос эхлээд бүхий л нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр ирсэн. Үүнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн төлөөлөгч, удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал юм.

Мөн биднийг НҮБ бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаар болсонд маш их талархалтай байна. Олны хүч, оломгүй далай гэдэг шиг бүгдээрээ нэг зүгт, нэг зорилготойгоор хамтран ажиллаж чадвал Баянзүрх дүүрэг иргэндээ ээлтэй орчинтой, тогтвортой хөгжсөн, сайхан дүүрэг болох болно” гэлээ.