2022.08.23

Б.Энх-Амгалан: Шатахуун нийлүүлдэг улстай бодлогын арга хэмжээ авч, хэлэлцээ хийх боломжтой юу

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.23/ хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээллийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Шатахууны үнийн өсөлтөд валютын ханшны өсөлт, шатахууны нийлүүлэлт нөлөөлөөд байна гэж байгаа бол үүн дээр арга хэмжээ авч болдоггүй юм уу? Манайх том хэрэглээтэй айл биш шүү дээ. Улсын нийт хэрэглээ 2 сая тонн юм билээ. ОХУ-д бензиний үнэ 40 рубль байна. Сингапурын үнийн ханшаар бид таван жилээр доллараар авч байгаа гээд суугаад байдаг. Орос нефттэй хийж байгаа гэрээгээ Казак нефттэй, Татар нефттэй хийгээд, хувийн компаниудаа тийш нь хөдөлгөөд, баруун, зүүн бүсээрээ шатахуунаа рублээр авч болдоггүй юм уу? Ийм хэлэлцээр хийвэл манайд ашигтай хувилбар болно. Үүн дээр бодлогын хувьд арга хэмжээ авч, хэлэлцээр хийхгүй юу? 

Түүний асуултад Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариуллаа.