"Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид түрүүллээ
2022.09.01

"Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс оролцсон “Цасны барс” баг тэргүүн байр эзэллээ.

Энэхүү тэмцээнийг өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 багийн 400 гаруй тамирчид оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

Энэ тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцож үеийн найзуудтайгаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорин, өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн нийт тамирчид болон бэлтгэл хангасан албан хаагчдад Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай баяр хүргэлээ.

Тэрээр "Та бүхний хичээл зүтгэл, сурган хүмүүжүүлэгч багш нарын сайн зааварчилгаа, бэлтгэл сургуулилтын үр дүнд энэхүү амжилтыг гаргалаа. Тус тэмцээнд оролцсон бүх сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн онцгойлон дүүргийн цэргийн штабын хамт олонд талархал илэрхийлье" гэсэн юм.

ДӨЛ ТЭМЦЭЭНИЙ  ШИЛДГЭЭР:

1-р байр: Сонгинохайрхан дүүрэг

2-р байр: Чингэлтэй дүүрэг

3-р байр: Өвөрхангай аймаг

4-р байр: Багануур дүүрэг

5-р байр: Сүxбаатар дүүргийн баг тамирчид тус, тус шалгарлаа.