Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо
Засгийн газрын ээлжит хураалдаан 2022 оны есдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын тосны хайгуулын Хар ус II талбайн гэрээлэгч “Ренова илч”, Номгон IX талбайн гэрээлэгч “Өмнөд Монголын газар нутгийн тос”, Дарьганга XXIV талбайн гэрээлэгч “Монголиа шин ий энержи”, XXVIII талбайн гэрээлэгч “ХонКонг Вэлпэк Индастриал” ХХК-тай Газрын тосны газрын (хуучин нэрээр) 2015-2016 онд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалд даалгав.
Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн, зохион байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ танилцууллаа.
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгалаа.
-Төрийн хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн зохион байгуулахыг үүрэг болголоо. Ирэх оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ өөрчлөлтийг тусгана.
-Улаанбаатар хотын түгжрэл болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг Үндэсний зарим хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулахаар боллоо.
-2023 оны Улсын төсвийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний саналыг тусгаж УИХ-д өргөн барихыг үүрэг болголоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn