МҮЭХ "Тогтвортой хөгжлийн зорилго" өдөрлөгт оролцов
НҮБ Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, МҮЭ-ийн холбоо, Эдийн засаг хөгжийн яам, Нийслэлийн ЗДТГ болон бусад түншлэгч талууд хамтран "Тогтвортой хөгжлийн зорилго хүн бүрд хамааралтай" уриатай өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилгын мэдлэг ойлголт нь хүн бүрд хамааралтай бөгөөд хэрэгжилтийг эрчимжүүлэхэд төр, иргэн, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагууд зэрэг бүх талын оролцоо, идэвх санаачилга чухал байдаг тул Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулсан юм.
МҮЭ-ийн холбооноос "Тогтвортой хөгжлийн зорилго 2030, "Монгол Улсын Алсын хараа 2050", хөтөлбөрүүдэд тулгуурлан МҮЭ-ийн "Хөгжлийн хөтөлбөр-2030" боловсруулсан. Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны асарт иргэд хөдөлмөрчдөд зориулан хууль, эрх зүйн үнэ төлбөргүй мэдээллийг өгч шуурхай ажиллалаа.
Сонирхуулахад 169 зорилт бүхий Тогтвортой хөгжлийн 17 зорилго нь 2030 он гэхэд хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх, дэлхийн улс орнуудын удирдагчдын үүрэг амлалтыг бататгасан бүх нийтийн зорилго юм.