Өдөр бүр таван хуудас уншиж хэвшихэд л хүний амьдралын чанарт хэмжээлшгүй нөлөөллийг бий болгодог
2022.09.19

Өдөр бүр таван хуудас уншиж хэвшихэд л хүний амьдралын чанарт хэмжээлшгүй нөлөөллийг бий болгодог

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан билээ.

Энэхүү өдрүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж ирсэн бөгөөд “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатай арга хэмжээ өнөөдөр (2022.09.16) Улаанбаатар хотын Жанжин Д.Сүхбаатарын талбай, 21 аймгийн төв талбайд улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй 32 дахь удаагийн арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Цогтбаатар, Г.Тэмүүлэн, Э.Батшугар, Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын удирдлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Ардын уран зохиолчид, нийтлэлчид, номын худалдаа эрхлэгчид, номын хорхойтнууд хүрэлцэн ирсэн байв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт тэмдэглэж байхаар хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах тал дээр Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгч байна. Төрийн шийдвэрийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг улс орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид болон хүрэлцэн ирсэн нийт иргэддээ талархсанаа илэрхийлье хэмээгээд, Бид монгол соёлоороо бахархан ондоошдог ард түмэн. Гэхдээ бусдын соёл хийгээд хөгжил дэвшлийн ололтыг хүндэтгэн, тэднээс суралцаж, даяаршихын зэрэгцээ өөрсдийн үнэт зүйлээрээ нэгдэн, ижилсэж ирсэн. Уламжлал, залгамжлалынхаа алтан хэлхээг ухаарч сэхээрэхийн үндэс нь ном юм. Өнөөдөр болон өнө хойчийн тухай өөр хоорондоо, хайртай зохиолчидтойгоо яриа дэлгэн хөөрөлдөж, уншиж мэдсэнээ хуваалцах, зөвшилцөх, нөхөрлөх өдрүүд эхэлж байна. Номын баярын үнэ цэн, утга учир үүнд оршино.

Энэхүү баяр бол ном, бичгийн мэргэдээ хоймортоо залан хүндэтгэж, өв соёлын ондоошлоо эргэцүүлэн тунгаах оюуны баяр билээ. Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих тул Үндэсний монгол бичгээ хойш тавилгүй суралцах даалгавар бидний өмнө байна гэлээ. Тэрбээр Үндэсний бичгээ илүү сайн сурцгаая хэмээн уриалаад уншдаг ард түмэн хөгждөг. Өдөр бүр таван хуудас уншиж хэвшихэд л хүний амьдралын чанарт хэмжээлшгүй нөлөөллийг бий болгодог гээд эрдмийн хэтнээс үсэрсэн оч, хөгжлийн гал болон дүрэлзэх болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оноос эхлэн “Мэргэн ном” шагнал, 2022 оноос эхлэн “Номын сайн нөхөр” уралдаан зарлаж, улсын хэмжээний шагналыг олгон ном бүтээгчдээ урамшуулдаг болсон. “Мэргэн ном” шагналыг монголын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, уншлагыг түгээн дэлгэрүүлсэн үйлсийг хөхиүлэн дэмжиж, үе дамжин яригдах үнэт номыг туурвисан гурван эрхэмд олгодог уламжлалтай. Энэ жилийн “Мэргэн ном” шагналын “Чухал ном бүтээл” төрөлд Д.Урианхайн “Философийн суулгацууд” ном шалгарсан. “Уншлагыг түгээн дэлгэрүүлсэн” төрөл шагналыг “Номын ертөнц” клубийн сурагчид болон монголын уран зохиолын салбарт хөрөнгө оруулалт хийж, монгол зохиолчийн ном бүтээлийг эрхлэн хэвлүүлж ирсэн “Сэлэнгэпресс” ХХК шалгарсан.

Харин “Номын сайн нөхөр” уралдааны “Шилдэг уншигч сурагч”-аар Баянхонгор аймгийн Баян-Ойт цогцолбор сургуулийн 3А ангийн сурагч Ц.Индра, Нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч С.Үүрийнцолмон, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Э.Дөлгөөнтамир, “Шилдэг уншигч анги, хамт олон”-оор Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” цогцолбор сургуулийн Б.Ариунаа багштай 4А анги, “Шилдэг уншигч насанд хүрэгч” төрөлд Нийслэлийн иргэн Ю.Мөнх-Амгалан шалгарлаа.

“Шилдэг ном”-оор Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Д.Намдагийн яруу найраг, өгүүллэг, тууж, жүжгийн зохиол, романы гурван боть шалгарсан бол “Шилдэг номын сан”-гаар Булган аймгийн Нийтийн номын сан, “Шилдэг хэвлэлийн газар”-аар “Анд паблишн” ХХК тус тус шалгарсан байна.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжихээс гадна үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал, шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа юм. Ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбоотой хувь хүн, албан байгууллагууд оролцох боломжтой байдаг.

Номын баярт 300 гаруй зохиолч, 200 хэвлэн нийтлэгчид 280 гаруй асарт өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ дэлгэн оролцож байна. Номын баяр есдүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш үргэлжилнэ. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг үндэсний хэмжээнд зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотод Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, орон нутагт аймгуудын Соёл, урлагийн газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоотой зохион байгуулж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn