2022.10.07
Нийтийн тээврийн түгжрэлийн асуудалд, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүд бас анхаарах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, 2023 оны улсын төсвийн бодлогын тухайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ онцолсон “төвлөрөл, түгжрэл”-ийн эсрэг зорилтын талаар
“Ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байна. Сүүлийн 20 жил түгжрэл гэдэг ерөнхий сэдэв ярьж, багагүй хэмжээний санхүүжилтийг тэгшитгэн хуваарилсан боловч бодит үр дүн гарсангүй. Тиймээс цэцэрлэгийн сугалааны асуудлыг 2022 оны Төсвийн тодотголоор шийдвэрлэж чадсан шиг, 2023 онд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа хичээцгээе
- Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэн сайжруулж чадвал түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ. 2023 оны төсвийн жилд багтаж, нийтийн тээврийг сайжруулах цогц арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд Та бүхнийг идэвхтэй оролцож дэмжинэ гэдэгт итгэж байна.
- Иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдийг ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, хамтран ажиллахыг уриалж байна
- Мөн нийтийн тээврийн зогсоолын асуудлыг нийслэл, дүүргийн төсөвт тусгаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зөвлөж байна.
- Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа
- Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг 3 хувьд хүргэхээр тусгав
- Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна…”
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn