2022.10.13
Баруун бүсийн аймгуудийн удирдлагуудыг “Хүний эрх ба Жендэр” сургалтад хамруулж байна
“Хүний эрх ба Жендэр” төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан бүсийн сургалтыг ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахласан Ажлын хэсэг Ховд аймагт өнөөдөр /2022.10.13/ зохион байгуулж байна.
Уг сургалтад Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга нар хамрагдаж буй.
Сургалтыг Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагад хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад төрийн удирдах албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад шинээр баталсан хууль хэрэглээ ба хүний эрх, жендерийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор ийнхүү ХЭҮК-оос зохион байгуулж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд:
ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид
- “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр
Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул
- “Орон нутгийн нэгжийн удирдлага бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүнийг эрхийг хангаж, хамгаалах нь”,
- “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангах нь”,
- “Хүний хувийн нууц ба мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн зохицуулалт”
“Эрчүүд эрүүл гэр бүл төв” ТББ-ын тэргүүн, жендэрийн үндэсний шинжээч М.Цасчихэр
- “Ялгаатай байдал ба төлөөлөл” сэдвээр тус тус сургалт орлоо