12-р сарын 10 Олон улсын хүний эрхийн өдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталснаас хойш жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг “Олон Улсын Хүний Эрхийн Өдөр” хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод эдүгээ 61 жил болж байна.
Энэ жилийн Хүний эрхийн өдрийг дэлхийн өнцөг булан бүрт “Ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхахыг зогсооё” уриан дор тэмдэглэхийн зэрэгцээ ялгаварлан гадуурхахыг таслан зогсооход чиглэсэн бүтээлч ажил, санал санаачлагыг 2010 оны турш авч хэрэгжүүлэхийг уриалаад байгаа билээ.
2009 онд хүүхдийн эрхийн конвенци батлагдсаны 20 жилийн ой тохиож байгаа мөн Хүний эрхийн өдрийг “Ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхахыг зогсооё” уриан дор тэмдэглэж байгаатай холбогдуулан өөрийн эрхийг мэдэж бусдын эрхийг хүндэтгэх ухамсрыг хүүхэд наснаас төлөвшүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комисс энэ удаагийн Хүний эрхийн өдрийг эрх нь зөрчигдөх эрсдэл бүхий хүүхэд багачуудын хамтаар тэмдэглэж сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд шинээр ном, гарын авлага, танилцуулга гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2-т заасан хүний эрхийн боловсролыг дэмжих хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүний эрхийн гол зарчмын нэг болох ялгаварлан гадуурхалтын талаар ойлголт өгөх, түүний хор уршгийг таниулах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 15 сургуулийн сурагчдад “Ялгаварлан гадуурхалт” сургалт, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.
2009 оны 12 дугаар сарын 10-нд 12 цагаас Хүний эрхийн өдрийг Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн хүүхдүүдтэй хамт тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нээж, Пара Олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 3 охин, The Lemons, L-Guards хамтлагууд, дуучин З.Цэлмүүн зэрэг олны танил залуучууд хүний эрхийн төлөө санаа нэгдэж “Ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхахыг зогсооё” уриаг дэмжиж төвийн хүүхдүүдтэй сонирхолтой яриа өрнүүлэн зургаа авахуулах зэргээр цагийг хөгжилтэй өнгөрөөх болно .
Хүүхдүүд зочдод өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолт, өөрсдийн урлаж бүтээсэн зүйлээр гаргасан үзэсгэлэнгээ сонирхуулахаас гадна Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүүхдүүдэд зориулан оюун ухааныг хөгжүүлэх ном, сурах бичиг болон комиссын ажилтнууд өөрсдийн гараар хийсэн хөлөгт тоглоом зэргийг бэлэглэх юм.