Тээврийн хэрэгслийн ослыг шийдэхэд ажил хэргийн уялдаа холбоог сайжруулахыг сануулав
Улаанбаатар хотын авто машины түгжрэлийг бий болгодог нэг том шалтгаан нь өдөрт дунджаар гардаг 200 гаруй тээврийн хэрэгслийн осол байдаг аж.
Асуудлыг шийдвэрлэхээр тээврийн цагдаагийн алба осол болсон газар очихын тулд 15-20 минут, үзлэг хэмжилт хийхэд заримдаа 30-40 минут зарцуулдаг байна. Энэ нь хотын авто машины зорчилт, хөдөлгөөнийг 60 минут хүртэл хугацаанд саатуулж, зохиомол түгжрэл үүсгэж байдаг.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ослын улмаас бий болж буй түгжрэлийг бууруулахад чиглэсэн уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Тээврийн цагдаагийн газраас О.Ганбат Улаанбаатар хотын замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвөөс Ц.Адьяасүрэн, Албан журмын даатгагчдын холбооноос Д.Цэвээнжав Монгол даатгалын холбооноос Ж.Батжаргал нар оролцож ослын бүртгэл, шийдвэрлэлтийг түргэн шуурхай зохион байгуулдаг байх, амь нас, эрүүл мэндэд хамаарах болон их хохиролтой зөрчлүүдээс бусад жижиг зөрчлүүдэд жолооч, даатгагч талууд илүүтэй өөрсдөө шийддэг байх талаар санал солилцжээ.
Мөн холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалт шаардлагатай гэж үзэн Түгжрэлийн эсрэг багц хуулийн төсөл боловсруулж буй Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны Хууль зүйн ажлын хэсэгт саналаа ойрын хугацаанд нэгтгэн ирүүлэхээр тогтсон байна.
Түүнчлэн хуулийн өөрчлөлт хүлээлгүйгээр хоорондын ажил хэргийн уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл шуурхай солилцох, ашиглах асуудалд анхаарч ажиллахыг сануулав.
Холбоотой мэдээ
2024.05.03
2024.03.10
2024.01.05