Баруун аймгуудын ҮЭ-ийн гишүүдийн  хөдөлмөрийн харилцааны чадавхыг сайжруулах сургалт болов
2022.10.19

Баруун аймгуудын ҮЭ-ийн гишүүдийн хөдөлмөрийн харилцааны чадавхыг сайжруулах сургалт болов

МҮЭ-ийн холбоо, ХБНГУ-ын ФЭС-гийн хамтын ажиллагааны хүрээнд МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр сургалт, судалгааны төв”-өөс Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн ҮЭ-ийн холбоодын анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга, тэргүүлэгч, идэвхтэн сонгуултнуудад хөдөлмөрийн харилцааны чадавхыг сайжруулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Баян-Өлгий аймагт болсон энэхүү сургалт хэлэлцүүлгийн зорилго нь “Хөдөлмөрийн харилцаан дахь хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, МҮЭ-ийн Холбооны “Хөгжлийн хөтөлбөр-2030” зорилтыг  гишүүдэд сурталчилан таниулах, баруун аймгуудын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж саналыг нэгтгэж цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын чиглэл боловсруулахад оршиж буй юм.

Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нээлтийн үг хэлж, МҮЭ-ийн холбооны XXIII Их хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж “ҮЭ-ийн хөгжлийн хөтөлбөр-2030” зорилтыг танилцуулж илтгэл мэдээлэл хийлээ.

Үргэлжлүүлэн ХБНГУ-ын ФЭС-гийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановис болон Баян-Өлгий аймгийн ҮЭ-ийн холбооны дарга А.Кеншелик нар үг хэлж сургалтын ач холбогдол хүлээж буй үр дүнгийн талаар танилцууллаа.