“Иргэн таныг сонсъё” уулзалт эхэллээ
2022.10.18

“Иргэн таныг сонсъё” уулзалт эхэллээ

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жил, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, явц, үр дүнгийн талаар иргэд сонгогчдод танилцуулах, тэдний хүсэлт, санал санаачилгыг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах, холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх зорилго бүхий “Иргэн таныг сонсъё” уулзалт "Өнөр" бүсээс эхэллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгчид, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, дүүргийн Засаг даргын орлогч, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын Засаг дарга нар болон холбогдох хэлтэс, алба тасгийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр дүүрэгт хийж буй ажлуудаа танилцуулснаас гадна иргэдээс ирсэн санал, хүсэлтэд хариулт өгөв.

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагайгийн хувьд ажлаа хүлээж аваад хамгийн эхэнд дүүргээ бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, зам нийтийн эзэмшлийн талбайг өргөжүүлэн тохижуулах, хоггүй болгох, төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэд, бизнес эрхлэгчдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй үйлчилдэг болгохоор зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дүүрэг 21 мянга гаруй гэрэлтүүлэгтэй болж, 90 гаруй хувь нь бүрэн гэрэлтүүлэгтэй болсон байна.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлгийг Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 17 өдөр анх чөлөөлж эхэлсэн. Тухайн жил дүүргийн 17 дугаар хорооны 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаж, тус талбайд ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан.

Энэ жилийн хувьд мөн адил гуравдугаар сард зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн бөгөөд 15, 16, 18, 19, 27 дугаар хороонд нийт 1200 гаруй гарааш, контейнерыг буулгаж тухайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн бүртгэж авсан. Тухайн нийтийн эзэмшил газарт иргэдээс ирсэн саналын дагуу бүтээн байгуулалтууд хороо тус бүрт хийж байгааг онцоллоо. 

“Иргэн таныг сонсъё” уулзалт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд болно