УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.21\ нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцууллаа.
Эл асуудлаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Аюурсайхан гишүүнийг төрийн албаны туршлага болоод мэдлэг боловсролын хувьд энэ салбарыг удирдаад авч явах хүн гэж дэмжиж байна. Түүний хувьд Их хуралд байнгын хорооны дарга, дэд даргаар ажиллаж байхдаа олон хууль, тогтоомжийг ахалж батлуулсан туршлагатай.
Их хурал дээр Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл удаан хугацаанд хүлээгдэж байгаа. Энэ хуулийг өргөн бариад дараагийн сайд нь ирэхээрээ буцаагаад татдаг, хэлэлцэж эхэлдэггүй ийм хуультай болчихсон. Хууль нь батлагдаагүй учраас гүйцэтгэх засаглал ажлаа хийхэд бэрхшээл тулгарч байгаа юм. Тиймээс нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг Их хурлаар батлуулахад ажлаа эхлээсэй гэж хүсэж байна.
Миний хувьд гишүүдтэйгээ хамтарч Их хурлын даргын захирамжаар байгуулагдаж ажилласан тэтгэвэрийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хүрээнд хувийн нэмэлт тэтгэвэрийн тухай хуулийг өргөн бариад 3 дахь жилдээ золгож байна. Энэ хуулийг нийгмийн даатгалын багц хуультайгаа хамтатгаад хуулиа батлуулахаас ажлаа эхлээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэтгэвэрийн сан цаашдаа явах гарц, арга замгүй болсон. Ямар нэгэн байдлаар тодорхой хэдэн хувийг ч гэсэн хуримтлалд шилжүүлэх шинэчлэлийг энэ салбар хүлээж байгаа. Хууль руугаа илүү орж батлуулж, салбараа концевцоор нь харж ажиллаасай. Энэ хуулийг батлуулж, салбарын хувьд дэмжихэд хамтарч ажиллахад таатай байна.