2022.10.11

Д.Сарангэрэл: Төрийн мэдээллийн санд бүртгэлгүй 26 мянган айл бий. Төр эдгээр иргэдээ анхаарах цаг болсон

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.11/ хуралдаанаар “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Байгаа нөөцдөө тулгуурлаад тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломж бий. Тухайлбал Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд боловсон хүчний нөөц байна. Энэ яам бас яахаа алдчихсан яам биш шүү. Олон жил ажилласан, асуудлаа мэддэг хүмүүс байгаа. Тэд нарын үгийг сонсох ёстой. Богинохон хугацаанд ажилласан ч гэсэн өнгөрсөн хугацаанд миний хувьд сайд, дэд сайдын ажлынхаа гүн рүү ороогүй. Нэлээн илээд явчихсан. Сошиал сурталчилгаанд өөрсдийгөө рекламдах чиглэлд нэлээн их хөрөнгө, мөнгө зарцуулсан ийм нөхцөл байдлыг харсан.

Өнөөдөр төрийн мэдээллийн санд бүртгэлгүй 26 мянган айл байна. Үүнд ХНХЯ-ны харьяа халамжийн 920 хүн очиж, ажиллаж энэ улсуудаа тусалж, дэмжье гэж байгаа юм. Улны айл гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Энэ ул гэдэг үг Сарангэрэлтэй хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн. Тэрийг мартаж болохгүй. Энэ айлууд дээрээ очиж үзэх хэрэгтэй. Дэнгийн эрвээхэй шиг дээгүүр нисээд байж болохгүй. Махан хоол идэхийн тулд сургуульдаа явдаг гэж хэлж байгаа хүүхэд байна. Энд хэдэн ахмад, хүүхэд голоо зогоож амьдарч байгаа вэ гэдгийг газар дээр нь очиж үз. Ул гэдэг үгийг хэрэглэдэггүй гээд дэд сайд яриад зогсож байгаа юм. Гэтэл яамны ажил хариуцаж байгаа хүмүүс чинь 2008 оноос  хойш эхлэн энэ үгийг хэрэглэж байгаа, судалгаанд ашигласан. Үүнийг хэд хэдэн дарга хэлж байгаа шүү. Үүнийг мэдэхгүй явна гэдэг өөрөө гутамшиг.  

Тэрнээс гадна ингэж хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин үнэнийг хэлсэнд баярлах ёстой. Халамжийн ажилтнууд айл өрхөөр яваад амьжиргааны түвшин, зорилтот бүлэг гэж хэлээд буй үзүүлэлтэд нь багтахгүй, шугамнаас доогуур байгаа айлуудыг арга буюу ингэж нэрлэдэг. Энэ түвшинд оччихоод байгаа нөхцөл, байдлыг төрийн хэмжээнд хүргэхгүй, өөрсдөө очихгүй, үгээр хөөцөлдөөд явж байна. ХНХЯ-д чадвартай боловсон хүчин бий. Гагцхүү манлайлал, зөв удирдлага чиглэлийг тэд хүлээж байгаа. Тиймээс бид зоригтойгоор хамт олноороо том зорилт тавьсан. Тэр нь Монгол улс дахь ядуурлыг устгах. 1,4 тэрбум хүнтэй Хятад улс зарлаад ядуурлаа устгачихлаа. Бидэнд боломж нь бий. Тухайлбал бидэнд 2023 онд 100 гаруй тэрбум төгрөгний боломж байна. Мянга арван мянга, зуун мянга,  саяаар нь ядуурлаас гаргах боломжтой.

Төлөвлөгөө тооцоо, сэтгэлээ гаргаад зориулалтаар нь мөнгөө ашиглавал Монголд өнөөдөр ядуурлаас гарах бүрэн боломж байна. Дайн ковид руу түлхэх шаардлага байхгүй. Мэргэжлийн хүмүүсээ сонсох ёстой. Ядуу байгаа айлуудын нөхцөл байдлыг бодитой үнэлж, хэнд халамжийг хамгийн түрүүнд хүргэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Шат дараалсан төлөвлөгөөнүүдийг гаргаж санхүүжилтээ хуваарилаад бодит ажлаа хийх хэрэгтэй. Үүнийг би та нараас үргэлж шаардах болно.