"Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө" үндэсний хэмжээний танилцуулах уулзалт боллоо
2022.11.01

"Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө" үндэсний хэмжээний танилцуулах уулзалт боллоо

Жендэрийн үндэсний хорооны 2022 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031)-г үндэсний хэмжээнд танилцуулах арга хэмжээ боллоо. /2022.10.31/

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Азийн сангийн эдийн засгийн хөтөлбөрүүд хариуцсан захирал Триша Төрболд, ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын УИХ-аас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийг 2011 онд баталж, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг баталгаажуулсан юм.

Уг арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул панелистаар оролцсон бөгөөд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд ХЭҮК-ын оролцоо, манлайллын талаарх байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль батлагдаад хэдийнэ 11 жил болсон байна. Хууль батлагдсанаас хойших 10 жилд бидний үр дүнтэй хамтын ажиллагааны үр дүнд жендэрийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж үзэх хандлагыг халж, хөгжлийн асуудал гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх үндэс суурийг тавилаа.

Одоо бид илүү бодлого төлөвлөлтийг жендэрийн мэдрэмжтэй болгон төлөвлөх, хэрэгжүүлэх, үүндээ ахиц дэвшил гаргах дараагийн шинэ үе руу шилжиж байна. ХЭҮК цаашдаа жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдгийн хувьд энэхүү төлөвлөгөөг дэмжиж , хамтран ажиллана" гэдгийг онцоллоо.

Оролцогчдын зүгээс салбар бүрийн хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутагт, засаг захиргааны анхдагч нэгжид хүрэх төрийн үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй хөгжүүлэхэд тус салбар дундын стратеги төлөвлөгөө чиглэгдэж байгааг онцолсон бөгөөд стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд манлайлан ажиллахаа илэрхийлсэн юм.