Иргэний орон зайг хамгаалахыг эрх баригчдаас шаардаж байна!
2022.10.20

Иргэний орон зайг хамгаалахыг эрх баригчдаас шаардаж байна!

Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж буй Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг харахад иргэний нийгмийн байгууллагуудыг төрөөс хамааралтай болгохыг эрмэлзсэн нь илт байна.

Иргэний нийгмийн байгууллагуудыг төрийн хэт их хяналт, хөндлөнгийн оролцооноос ангид байлгах, хөгжин цэцэглэх, нээлттэй, хараат бусаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй байна.

Холбоо сангийн хууль нь иргэний нийгмийн хөгжлийг дэмжихээс илүүтэйгээр үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг нь хязгаарлах, хориглох агуулгатай хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх гэж байгаа нь тэднийг айлгах, сүрдүүлэх улс төрийн хандлагын илрэл гэж үзэхэд хүргэж байна.

Хэдийгээр эрх баригчид үүнийгээ "терроризм, мөнгө угаах явдалтай тэмцэх", “үндэсний аюулгүй байдал, үндэсний онцлог, уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах”, “эдийн засгийн хөгжлийг дэмжих” зэрэг олон зүйлээр зөвтгөдөг ч бодит байдал дээр эдгээр хууль тогтоомжууд нь нийгмийн олон талт шүүмжлэлт үзэл бодол, дуу хоолойг нухчин дарахын зэрэгцээ иргэний нийгмийг засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих боломжид саад учруулж байна.

Төрийн зүгээс иргэний нийгмийн болон иргэний орон зайн эсрэг чиглэсэн сөрөг үг яриаг хөхиүлэн дэмжих, тэднийг гутаан доромжилсон, дарамталсан, дорд үзсэн буюу ялгаварлан гадуурхсан үг хэллэг ашиглах ёсгүй. Цаашлаад, эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлснийхээ төлөө хэн ч эрүүгийн хариуцлага хүлээх, эсхүл аюул занал, хүчирхийлэл, сүрдүүлэг, хавчлага, доромжлол, цээрлүүлэлтийн золиос болох ёсгүй.