“Нотлох баримт гаргуулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг баталлаа
“Нотлох баримт гаргуулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцлээ.
Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтыг явуулахад ач холбогдол бүхий баримтуудыг холбогдох яам, агентлаг, байгууллага болон хууль хяналтын байгууллагуудаас гаргуулах зохицуулалт бүхий тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Н.Ганибал нар санал хэлэв. Гишүүдийн хэлсэн саналыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийг батлах санал хураалт явуулснаар гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг баталлаа.
“Түр хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлав
Хуралдааны төгсгөлд "Түр хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэв. Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны 2022 оны 10 дугаар сарын 25-ны 03 дугаар тогтоолоор томилогдсон хянан шалгагчдын бүрэлдэхүүнээс ар гэрийн шалтгаанаар татгалзаж буйгаа мэдэгдэж, хүсэлт гаргасан Дуламын Сугарыг чөлөөлж, Бямбажавын Мөнхбатыг бүрэлдэхүүнд нэмэх зохицуулалт бүхий тогтоолын төслийг хэлэлцэв.
Бямбажаын Мөнхбат нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн дээд сургуулийг төгссөн. Төмөр замын цагдаа болон Эрүүгийн цагдаагийн газарт цагдаа, эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч, Гүйцэтгэх ажил хариуцсан тасгийн дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажилласан, Эргүүл хамгаалалтын газар, Мэдээлэл, шуурхай удирлагын төвд удирдах албан тушаал хашсан. 1987-2022 он хүртэл улсад 35 жил ажиллаад, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан талаар Түр хорооны дарга Г.Ганболд танилцууллаа.
Ингээд Хянан шалгах түр хорооны хянан шалгагчдын бүрэлдэхүүнээс Дуламын Сугарыг чөлөөлж, Бямбажаын Мөнхбатыг томилох тогтоолын төсөл батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр, тогтоолын төслийг баталлаа
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn