“Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулахаар тогтов
2022.11.29

“Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулахаар тогтов

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.11.29) Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Д.Бадарч нарыг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд, “Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг ахлахаар болсныг танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ, Монгол Улс 2012 оноос хойш удаа дараа “Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр хандаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй нь хариуцсан яам болон эрдэмтдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа дутагдаж байгаагийн илэрхийлэл юм.

Иймд, уг асуудлыг Монгол Улсын Их Хурал онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд авч үзэж, Байнгын хорооны даргаар ахлуулсан уг ажлын хэсгийг төр болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор өргөн хэмжээнд зохион байгуулах зайлшгүй шаардлага үүсэж байна. Монголын эзэнт гүрний түүх, нэн ялангуяа Хүннү, Их Монголын түүх, соёл нь манай улсын тусгаар тогтнол, оршин тогтнох эрхийн гол баталгаа болдог. Энэ үүднээс эх түүхээ зөв хадгалж, хамгаалах нэг арга зам бол түүх, соёлын голлох нотолгоо болох өвүүдийг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх явдал юм гэлээ.

Монгол Улс одоогоос 60 жилийн өмнө буюу 1962 оны 11 дүгээр сарын 1-нд ЮНЕСКО-д гишүүнээр элсэн орсон. Улмаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн конвенцод 1990 онд нэгдэн орж, 1996 онд анх Дэлхийн өвд бүртгүүлж болох Монголын байгалийн болон соёлын өвийн Урьдчилсан жагсаалтыг боловсруулж, Дэлхийн өвийн төвд хүргүүлж байсан билээ. ЮНЕСКО нь байгалийн болон соёлын өвийг хамгаалах, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оны байдлаар 167 улсын нийт 1121 байгалийн болон соёлын өв Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байна. Үүнээс 869 нь соёлын, 213 нь байгалийн, 39 нь хосолмол өв юм

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn