Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх зохицуулалтыг тусгасан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.12.14) хуралдаан 63.2 хувийн ирцтэйгээр 16 цаг 14 минутад эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Төрийн бүтээмжийн сэргэлт”-д авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах зорилт, арга хэмжээ тусгагдсан. Дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлэх үүднээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолохтой холбоотой нэмэлтийг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулав.
Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тохиолдолд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгийг хурааж, улсын төсөвт төвлөрүүлдэггүй байдлыг халж, уг хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгохоор тусгасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, өршөөл үйлчлэл үзүүлэхгүй байх гэмт хэрэгт авлигын гэмт хэргийг хамааруулах нэмэлтийг тусгасан болохыг төсөл санаачлагчийн илтгэлд тэмдэглэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял эд оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор холбогдох өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, торгох ялын нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцүү байхаар, зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах өөрчлөлтийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдуулан зарим авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэмэгдэх юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийг бүхэлд нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг тусгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгадаг байх өөрчлөлтийг тусгахаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ.
Хуулийн төсөлд Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамдаас ирүүлсэн саналыг тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар авлигын гэмт хэргийн гаралт буурах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим баталгаажина хэмээн төсөл санаачлагч үзжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ш.Раднаасэд, Б.Энхбаяр нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Ш.Адьшаа гишүүн илэрхийлээд, төсөл дэх зохицуулалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон хүний эрхийг хангах, хамгаалах зарчимд нийцэж буй эсэхийг тодрууллаа.
Монгол Улсад авлигалын асуудал нэлээн хүнд дүр зурагтай байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэлээд, хуулийн төслийг батлан хэрэгжүүлснээр хүний эрхийн зөрчил үүсгэдэг том үзэгдэл болоод байгаа авлигын гэмт хэрэгтэй тэмцэх хуулийг төсөлд тусгасан хэлбэрээр чангаруулснаар хүний эрхийг хангах хамгийн чухал алхам болно хэмээн хариуллаа. Түүнчлэн төсөл дэх зохицуулалтуудыг НҮБ-ын конвенцийн суурь зарчимд нийцүүлсэн гэдэг тайлбарыг тэрбээр хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, төсөлд тодорхой асуудлуудыг тусгахтай холбоотой саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн бол Б.Энхбаяр гишүүн нуугдмал байдлаар үйлдэгддэг зохион байгуулалттай том гэмт хэргүүдийг илрүүлэх зорилгоор Эрүүгийн хуульд оруулсан хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалтыг ийнхүү өөрчилснөөр энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг тодруулсан.
Сүүлийн үед шийдвэрлэгдэж байсан авлигын хэргүүдийг судалж байхад “хэргээ сайн дураараа хүлээсэн” буюу хэргийн хамтрагчдынхаа талаар тодорхой мэдээлэл өгч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлдэг тохиолдол цөөнгүй гэж ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Батзориг хэллээ. Авлигын гэмт хэргийг илрүүлэх, нотлоход дэмжлэг үзүүлсэн этгээдэд хөнгөлөлт үзүүлж, хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг нь хянан шийдвэрлэж ялыг нь зохих хэмжээгээр бууруулдаг байх нь эргээд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтэд эерэг нөлөөтэй гэдгийг тэрбээр тайлбарласан. Сүүлийн үед авлигын гэмт хэрэг илэрч байгаагийн нэг хөшүүрэг нь хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалт гэдгийг тэрбээр хэлсэн.
Байнгын хорооны хуралдаанаар ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас хуулийн төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 10 нь буюу 71.4 хувь нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо