Г.Мөнхцэцэг: Шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчинг сайжруулна
“Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг /2022.12.02/-ны өдөр Төрийн ордонд боллоо
Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон, УИХ-ын БСШУСБХ-ны байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг болон 500 гаруй эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны салбарын ажилтнууд, төр хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
“Монгол Улсын сүүлийн 30 жилийн хөгжлийн сул тал нь, Шинжлэх ухаан, судалгааны салбарын хөгжлийг орхигдуулсан явдал юм. Ийид 2019 оноос эхлэн Шинжлэх ухааны салбараа хөгжүүлэх, төрийн бодлогын уялдааг хангах, энэ салбарт тулгамдсан асуудлуудыг шийдэх “шинэ хандлага” бий боллоо. Энэ салбарыг эдийн засгийн хувьд бэхжүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэх, хөрөнгө оруулалт татдаг инноваци судалгааг хөгжүүлэх эрх зүйн таатай боломжийг бүрдүүлэхийн тулд эрх зүйн орчинг сайжруулах ёстой гэж” УИХ-ын БСШУСБХ-ны дарга Г.Мөнхцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
“Шинэ сэргэлтийн бодлого” нь УИХ-аас баталсан “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх зорилготой цогц бодлого юм. Боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, хот хөдөөгийн сэргэлт, төрийн бүтээмжийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачдад тулгуурлаж, тэднийг идэвхтэй оролцуулна” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм
Мөн энэ удаагийн уулзалт, салбар хэлэлцүүлгүүдийн үр дүнд шинжлэх ухааны салбарт дутагдаж байгаа хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт татах боломж, оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар нэгдсэн шийдэл гаргахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус салбарынхнаас хүсч, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээ илэрхийлсэн юм.
Шилдэг бүтээлд хоёр жил тутамд олгодог Үндэсний инновацийн шагналыг энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар гардуулан өгөв. “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” төрөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Төвөөс зугатах хүчний шахуурга” бүтээлд олголоо.
Тус бүтээл нь монгол инженерүүдийн олон жилийн инженерчлэлийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон бөгөөд баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр шатлалын бөмбөлөгт тээрмийн импортын шахуургуудыг бүрэн орлож,ашиглалтын хугацааг 2.7 дахин уртасган, үйлдвэрлэлийн зардлыг бууруулснаас гадна металл авалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлж 2021 онд 88 хувьд хүргэсэн бүтээл аж.
“Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”төрөлд “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн “Зэв дижитал музей” бүтээлийг шалгаруулжээ. Энэ бүтээл нь орчин үеийн дэвшилтэт технологи болох VR /virtual reality/, АR /augmented reality/ технологийг ашиглан Монголын түүх, соёл өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, амьдралыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд суурь болох соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм