"Өрх бүр хүчирхийлэлгүй" аян хаалтаа хийлээ
Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар, дүүргийн Цагдаагийн газартай хамтран Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл үйлдэгчдэд хууль, эрх зүйн чиглэлээр сургалт явуулах, тэднийг соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хүчирхийллийн хохирогчийг хамгаалахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэх зорилгоор “Өрх бүр хүчирхийлэлгүй” 1 сарын аяныг зохион байгууллаа.
Тус аяны хаалтын үйл ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Энхболд, дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Э.Амарбат, дүүргийн 1-20 хороодын Засаг дарга, хамтарсан багийн гишүүд оролцлоо.
Аяны хүрээнд хороодын хамтарсан багуудаас
- Иргэдийг гэр бүлийн хүчирхийллийг цаг алдалгүй, өөрт эргээд дарамтгүй байдлаар мэдээлэл илгээх боломжоор хангаж QR код үүсгэн мэдээлэл өгөх
- Прокурорын хамт хүчирхийлэлд өртөж байсан өрхүүдтэйгээ уулзах,
- Өрх толгойлсон олон хүүхэдтэй өрхөд сэтгэлийн дэм үзүүлэх
- Хүчирхийлэл үйлдсэн иргэдэд прокуророос ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулсан, зорилтод бүлгийн эмэгтэйчүүдийг хамруулан “Бидний дуу хоолой” сургалтыг бүсгүй хүн өөрийгөө хэрхэн хайрлах, өрх гэртээ аз жаргалыг түгээх чиглэлээр мэдээлэл өгсөн,
- Зорилтод бүлгийн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт
- Өсвөр насны 21 охинд бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн чиглэлээр сургалт зохион байгуулж, үзлэг шинжилгээг зохион байгуулсан,
- Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээллийг хорооны хамтарсан багт шууд залган эсвэл мессеж бичин өгөх боломжтой QR код үүсгэн мэдээлэл өгөх зэрэг сайн туршлага болохуйц санаачлагууд гарсан байна.
- Гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий гарын авлага, материалыг айл өрхүүдэд хүргэж ажилласан байна.
Аяны хугацаанд цагдаагийн байгууллагын 102 дугаарт, хүүхдийн тусламжийн 108 дугаарт нийт 61 дуудлага мэдээлэл ирснээс 21 мэдээллийг хааж, 40 дуудлага мэдээлэл дээр ажиллаж байна. 2022 оны IV улирлын байдлаар кейс шийдвэрлэлтийн хувь 7 хувиар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийг насны бүлгээр харьцуулан авч үзэхэд 10-14 насны хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд түлхүү өртөж байгаа бөгөөд хүйсээр нь авч үзвэл 49% эрэгтэй, 51% эмэгтэй хүүхдүүд эзэлж байна.
Энэ нь өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд, хүүхэдтэйгээ харилцахад нас, сэтгэц, нийгэмшихүйн хөгжлийг харгалзаж үзэх шаардлагатайг харуулж байна. Мөн аяны хугацаанд хороодын хамтарсан багуудыг идэвхжүүлэх зорилгоор болзолт уралдааныг зарласан бөгөөд 1 дүгээр байрт 13 дугаар хороо, 2 дугаар байрт 2 дугаар хороо, 3 дугаар байрт 14 дүгээр хорооны хамтарсан багийн хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа шалгарсан байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn