"Хоёр дахь сонсголд гэрчээр би өөрөө, Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар, Н.Алтанхуяг дуудагдсан"
2023.01.31

"Хоёр дахь сонсголд гэрчээр би өөрөө, Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар, Н.Алтанхуяг дуудагдсан"

Хөгжлийн банкийг хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.01.30/ хэвлэлийн бага хурал хийж байна. Эл түр хороо хоёрдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар сонсгол зохион байгуулсан билээ.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хоёр дахь удаагийн сонсгол болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Хоёр дахь удаагийн хоёрдугаар сарын 06-10-ны өдрүүдэд хийх бөгөөд дараах гурван асуудлыг хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийгдэж байсан байдлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Түүний нэг нь миний бие. 2016 онд Засгийн газраас хийгдсэн хяналт, шалгалтын ажлын хэсгийн ахлагчийн хувьд гэрчээр оролцоно. 2020 онд хийгдсэн шалгалтын асуудлаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагуудын нэг бол Г.Амартүвшин, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтан гэрчээр асуугдана.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны охин компани болох "DBM leasing" компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийг хэлэлцэнэ. Энд 35 гэрч дуудагдана.

Гуравдугаарт, 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. 43 гэрчийг дуудна. Шалгалтын ажил үргэлжилж байгаа. Энэ тоо нэмэгдэж болно.

Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Төслийн удирдах хорооны дарга бөгөөд Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан н.Эрдэнэбүрэн, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Эрдэнэ, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, Шинэ төмөр зам төслийн хүрээнд нэлээн олон хүн дуудагдахаар байгаа. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан н.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан н.Цогтбаатар, "Түмэн хишигтэн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Намуун, Номин нарыг дуудагдахаар байна.

Сонсголыг ажлын таван өдөрт гэж тооцож байсан. Гэхдээ гурав өдөрт багтааж явуулах боломжтой юм байна гэсэн дүгнэлт гаргаад байна" хэмээв.